Нэгдүгээр эгнээгээр зорчдог, автобусны буудал дээр зогсдог жолооч нарт өнөөдрөөс хариуцлага тооцно

2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн  нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож “халтуур” хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажил эхлэх нь.

Тодруулбал, чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг, автобусны буудал дээр байнга зогсдог \халтуур хийх зорилгоор\, явган хүний зам дээр зогсоод машинаа орхиод явчихдаг жолооч нарыг чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу автобусанд байршуулсан камерын тусламжтайгаар торгууль ноогдуулж эхлэх нь. Түүнчлэн автобусыг камержуулснаар өөрийнх нь эгнээ чөлөөтэй байхад өөр эгнээгээр яваад уралдаад байдаг автобусны жолооч нарт ч мөн хариуцлага тооцох аж. 

Энэ ажлыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран хийх бөгөөд өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж.