АН-ын дарга С.Эрдэнэ МЭДЭГДЭЛ гаргалаа

АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ: 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай" улс төрийн шийдвэрээ шинэ оны босгон дээр танилцуулсан билээ. 
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар уг шийдвэрийг 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад Ардчилсан намаас иргэдийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар өгсөн захиа, даалгаврын биелэлт гэж үзэн талархан хүлээж авсан юм.
Учир нь, уг шийдвэр дан ганц Ерөнхийлөгчийн бус хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нарын хамтын шийдвэр гэж ойлгогдох бүрэн үндэслэлтэй байв.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн улс төрийн шийдвэр гаргаж, түүнийг нь ажил хэрэг болгох үүрэг хариуцлагыг ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу УИХ болон Засгийн газар хүлээн авчээ гэсэн үг.

Иймд Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаархи УИХ-ын тогтоолын төслийг яаралтай боловсруулан батлуулж, уг тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах үүргээ Засгийн газар цаг алдалгүй хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Цаашдаа ахмад настнуудад төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгож, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Хамтын тэтгэврийн хуулийг эргэн сэргээх зэрэг асуудлаар миний бие УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар тууштай ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

(Жич: Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар зарим хэвлэлд байр сууриа илэрхийлснийг илт мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү мэдэгдлийг хийлээ. 2020.01.03) гэжээ.