Н.Номтойбаяр: Намайг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл, ямар нэгэн бичиг одоогоор ирээгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж байгаа. Ингэхдээ  түүнийг Дорнод аймаг дахь компанид 200 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдэж өгсөн байх магадлалтай хэмээн үзэж буй.

Учир нь АТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тэд хууль хяналтынханд өгсөн мэдүүлэгтээ “Номтойбаяр сайдын тушаалаар 27 аж ахуйн нэгжид тендерийн шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбум төгрөг шилжүүлсэн” хэмээн мэдүүлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр Улсын ерөнхий прокурорын орлогч оруулж ирсэн гэх мэдээлэл өнөөдөр олон хүний анхаарлыг татсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл, ямар нэгэн бичиг одоогоор ирээгүй байна. АТГ ичихгүй бол оруулаад ирэх хэрэгтэй. Тэгээд Их хурлаар нээлттэй хэлэлцье. Хаалттай хэлэлцэх горимын санал гаргавал би хэвлэлийнхний камерыг бариад орно. Надад нуух юм байхгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл эргэн төлөгдөж байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.