Аян замын тэмдэглэл: ШАР ТЭНГИСИЙН ЭРЭГ ДЭХ ЧИНДАО

БНХАУ-ын Дорнод тэнгисийн эрэгт байрлах Шаньдүн мужийн Чиндао урд өмнө сонсож байсанчлан гайхамшигтай хот ажээ. Далайн эрэг дагуу байдаг болоод ч тэрүү ер бусын сэнгэнэсэн агаар, сэрүүн тунгалаг, зөөлөн салхитай, хүмүүс нь ч найрсаг харилцаатай юм.

Бас европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан газар, Күнзийн хөшөө дурсгал түүх соёлоороо алдартай энэ хотод Шанхайн хамтын ажиллагааны  байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны дээд хэмжээний уулзалт гээд томоохон арга хэмжээ ар араасаа болсон нэг ёсондоо дэлхий нийтийн анхаарлын төвд аль хэдийнэ ороод буй хот юм. Тэгвэл энэ хоттой цухас ч болов танилцах завшаан Жүдо бөхийн “Чиндао-2019” Олон улсын жүдо бөхийн холбооны Мастерс тэмцээний үеэр буюу энэ сарын 11-15-ны өдрүүдэд тохиов.

Улаанбаатараас Хөх хотод очсон бид Хөх хотоос хоёр цаг орчим нисээд далайн эрэг дагуу орших Чиндао хотод буув. Анх энэ хотод буухдаа далайн эрэг дагуу байрладаг учраас дулаахан байх болов уу гэсэн ч бодож байснаас сэрүүхэн, гэхдээ уур амьсгал таатай. Нутгийн иргэд "Манай энд зуны улиралд голдуу 25 хэм байдаг. Харин наймдугаар сард цөөн хэдэн хоног 30 хэм хүрч халдагч салхи ихтэй учраас агаар тэгтлээ их халдаггүй. Өвөлдөө бол цөөн хоног хасах 10 хүрдэг" гэсэн юм.  

Чиндао 8.7 сая гаруй хүн амтай, 11.282 ам дөрвөлжин км газар нутагтай, тал мужийн эрхтэй далайн боомт хот аж. Бас барилга байшин, дэд бүтэц нь уужуу чөлөөтэй, хүн ам сийрэг суурьшсан гэдэг нь шууд анзаарагдаж байв. Мөн далайн эргийн нугачаа ихтэй намхан уулстай. Уулсын чөлөөгөөр элдэв өнгө, донжтой европ маягийн загвартай барилга байшингууд нь олны харааг булаадаг нь илт. Үнэндээ энэ хотын эл өвөрмөц, гоё байдал эртний европ болоод ази хэв маяг, түүнийг дагасан өндөр хөгжил нь гадны төдийгүй дотоодын жуулчдыг жилийн дөрвөн улиралд татдаг болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Учир нь онгоцноос буугаад зочид буудал руугаа явах замд, буудлаасаа "Чиндао Мастерс-2019” тэмцээн болж буй ордон руу явах замд бас чөлөөт цагаараа хоттой танилцаж байх зуур дотоодын аялагчид хотын гудамж талбай, далайн эргээр хуримын хувцастай зураг авахуулж, гадны жуулчид далайн эрэг дагуу алхаж байхтай цөөнгүй таарсан юм. Тэгэхнээ БНХАУ төрийн түвшинд энэ хотыг аялал жуулчлалын бүс болгоход ихээхэн анхаардаг аж. Тодруулбал, Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны Чиндао Шяншань 2018 дээд хэмжээний уулзалт Чиндао хотод өнгөрсөн онд болжээ. Энэхүү томоохон хэмжээний уулзалт нь “Хөгжлийн чиг хандлагыг баримталж, хотын брэндийг бий болгох” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд хуралд 59 орны 112 аялал жуулчлалын хот, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэхээр ямар том арга хэмжээ болсон нь ойлгомжтой юм. Энэ дашрамд ушигчдадаа мэдээлэл өгөхөд дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны хурлыг анх 2012 онд Бээжин хот санаачлан хийсэн байдаг. Анхны хурал 58 гишүүн байгууллагаас бүрдэж байсан бол өнгөрсөн жил тус хотод болсон дээд хэмжээний уулзалтад 12 байгууллага нэмэгдэж, холбооны гишүүн байгууллагын тоо 205-д хүрч, таван тивийн 67 улсыг хамруулж чаджээ. Тиймээс ч Чиндао хотыг өмнөд хөршийн аялал жуулчлалын томоохон хот гэж нэрийдэхээс ч аргагүй юм. 

Дээр хэлсэнчлэн Чиндао бол Шар тэнгисийн эрэг дэх загас агнуур, далайн тээврийн боомт хот. Хятадын засаг, төрөөс гаргасан бодлогоор далайн гарцыг хөгжүүлэх их ажлыг Чиндао хотоос эхлүүлжээ. Шар тэнгисийн эргийн үзэсгэлэнт энэ хотоос анхны далайн тухай сэтгүүл хэвлэгдэж, гүнд шумбадаг онгоц  зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийсэн. Хөгжиж буй хурдаараа Бээжин, Тяньжины дараа ордог гэдэг. Үнэндээ ногоон цай, усан үзэм тариалдаг, механик тоног төхөөрөмж, электрон бараа, хөлөг онгоцны үйлдвэрлэл, аялал жуулчлал маш сайн хөгжиж. Далайн хөвөөний зөөлөн чийглэг уур амьсгалтай боловч хур тунадас бага унадаг, цаг агаарын хувьд амьдран суухад нэн тааламжтай нутаг юм. Дээр нь юмны өртөг харьцангүй гайгүй гэдгийг нутгийн иргэдийн ярианаас сонсож явав. Бас жилийн дөрвөн улиралд олны хөл тасардаггүй бөгөөд зундаа л гэхэд Бээжин зэрэг томоохон хотоос хүмүүс халуунаас дайжин ирж, байр түрээсэлж суудаг аж. Ер нь ганц хятадууд ч биш  гадныхан тэр дундаа солонгос, япончууд энэ хотод их ирж амьдардаг гэсэн юм. Мөн энэ хотод жуулчдыг татах зүйл цөөнгүй. Тухайлбал, Германы колони байх үеийн төв шуудан. Уг барилга нь анх 1901 онд баригдсан эртний барилга бөгөөд өвөрмөц архитектуртай энэхүү барилга одоо харилцаа холбооны түүх соёлыг агуулсан музей болсон гэж байв. Түүнчлэн далайн эргийн дагуух хот учраас маш том Хөлөг онгоцны зогсоолтой бөгөөд эрэг дагуу зассан тусгай талбай дээр нутгийн иргэд хясаа, дунгаар хийсэн бэлэг дурсаглын зүйлсийг жуулчдад зардаг нь их анхаарал татдаг аж.

Жуулчдын анхаарлыг татдаг бас нэг зүйл нь пиво. Тодруулбал, Чиндоа хотод Хятадын алдартай шар айрагны бренд “Цинтао”-гийн үйлдвэр байрладаг. Бас тус пивоны музей ч байдаг аж. Иймдээ ч гадна дотны жуулчид энд зорин ирж, тэнгисийн эрэг дээр далайн хоол захиалж идэнгээ гоожуурын пиво шимэх дуртай нь илт. Мөн жил бүр олон улсын шар айрагны баярыг зохион байгуулдаг аж. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр зөвхөн өнгөрсөн оны долоодугаар сард болсон пивоны баярт 30 гаруй орны 200 брендийн шар айраг нэг дор цугларчээ. Мөн энэ үеэр 1300 гаруй нэр төрлийн шар айргийг танилцуулсан тухай мэдээлсэн байна. Эндээс хамгийн их анхаарал татсан сонирхолтой зүйл нь Циндао хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон. Тэгвэл энэ том арга хэмжээний дараа зохиогдсон дээрх шар айрагны баярт ШХАБ-ын гишүүн орнууд мөн оролцсон нь нэг талаараа олон орны жуулчдын анхаарлыг татсан, нөгөө талаар тус улсын төрийн бодлого ямар алсын хараатай, бүх үйл ажиллагаа нь хоорондоо маш сайн уялдаа холбоотой байдаг вэ гэдэг нь анзаарагдаж байсан юм.   

Дашрамд мэдээлэхэд 2018 оны зургаадугаар сарын 9-10-нд болсон БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болсон. ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон бөгөөд зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний төгсгөл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийснийг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад оролцож буй гадаадын удирдагчдыг угтан авах үеэрээ Чиндоа хотын тухай "Чиндао бол дарвуулт онгоцны хот юм. Олон усан онгоц эндээс хөдөлж хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр аялдаг. Маргааш энд ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараах анхны дээд уулзалтаа хийж, тус байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг гаргах гэж байна. Чиндаогийн дээд уулзалтаар шинэ гараа болгож, "Шанхайн үзэл баримтлал"-ыг хөгжүүлэн, ШХАБ-ын хөгжлийн шинэ замналыг хамтдаа эхлүүлэх болтугай" хэмээн цохон тэмдэглэсэн гэжээ. Эндээс харахад манай урд хөрш ямар хурдацтай хөгжиж байгаа, хөгжүүлэхийн тулд төр засаг нь бодлогын түвшинд хэрхэн анхаарал хандуулдгийг харж болохоор юм.

Нөгөө талаар ямар ч улсын хөгжил дэд бүтэц буюу зам гүүр, харилцаа холбооны хөгжлөөсөө шууд харагддаг. Өмнөд хөршийн тухайд энэ бүх зүйлээрээ яах аргагүй дэлхийд тэргүүлэгч болсон гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолдог. Тэгвэл Чиндоа хот байрладаг Шаньдүн муж л гэхэд зам харилцааны боловсронгуй системтэй. 2013 онд мужийн хурдны авто замын хучилт 4994 км хүрсэн ба 2020 он гэхэд 6200 км хүргэхээр ажиллаж байгаа аж. Бээжин-Шанхайн хурдны төмөр зам зэрэг 18 чиглэлийн төмөр замын гол шугамд холбогдсон. Тус мужийн Жинань, Чиндао, Хантай зэрэг хотын 12 нисэх онгоцны буудлаас Япон, Солонгос, Сингапур, Хонконг руу шууд нислэг хийдэг гэхээр дэд бүтэц хэрхэн ямар түвшинд хөгжсөнийг харж болохоор. Түүнчлэн Бээжингээс Чиндао руу хурдны галт тэрэг явдаг аж. Энэ нь нөгөө талаараа тус хотыг зорих, аялахыг хүссэн жуулчдын урсгалыг улам нэмэгдүүлдэг бөгөөд товчхондоо Хятадын зүүн нутгийн тэнгисийн эргийн Чиндао хот дэлхий  дахины анхаарлыг татахад томоохон түлхэц болж буй нь гарцаагүй юм. 

Дорнод тэнгисийн эрэгт байрлах Шаньдүн мужийн Чиндао хотыг тухай цухас мэдээлэл өгөхөд энэ. Одоо Чиндао хотод гаалын бүсийн нэгдсэн шинэчлэл хийгдсэн төдийгүй Евро Азийн эдийн засгийн парк байгуулж, Номхон далайгаар гарах гарцыг бий болгож далайн боомтоороо дэлхийд долоод бичигдэж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд дэлхийн анхаарлын төвд зүй ёсоор орсон Чиндао хотод энэ сарын 12-14-ний өдөр болсон Мастерс тэмцээнд жин бүртээ дэлхийн чансааны эхний 32 бөх оролцсон. Тодруулбал, тэмцээнд 67 улсын эрэгтэй 228, эмэгтэй 218, нийт 446 жүдоч оролцлоо. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд тэмцээн зохион байгуулалт сайтай, өндөр түвшинд болсон гэдгийг тэмцээнд оролцогчид хэлж байв. Манай улсын хувьд тус тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй долоон жүдоч барилдаж эхний өдөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Энэ тухай дараагийн тэмдэглэлээс уншаарай. 

сэтгүүлч А.ТҮМЭНБАЯР