Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсан энэ оны тавдугаар сард Төрийн ордонд өндрөөс унасан байдалтай амиа алдсан. Эл хэрэгт хэд хэдэн гишүүн мэдүүлэг өгсөн билээ. Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зөрүүтэй мэдүүлэг өгсөн үндэслэлээр дээрх хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.

Тэгвэл тэрбээр өчигдөр энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Намайг яллагдагчаар татсан тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ. Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найман этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно. Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Би өөрөө АТГ-ын удирдлагатай уулзаж, энэ бүх мэдээллээ өгнө гэж хэлсэн. Мөн намайг гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл бий, надтай уулз" хэмээсэн юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт “таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай Шүүх хурал өнөөдөр 11 цагт зарлагджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн цахим хуудсандаа "Худал мэдүүлсэн гэж гүтгээд 2 жил хүртэл төрийн алба хаах эрх хасч, 5.4 саяар торгох эсхүл 720 цаг нийтийн ажил хийх, 1 жил зорчих эрх хасах ялтай ангиар татсан. Дөнгөж цагийн өмнө шүүх хурал зарлаж. Яасан ч хурдан юм. Пицца хүргэлтээс ч хурдан. Очино доо. Хэвлэлд нээлттэй" хэмээжээ.

Мөн тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Өнгөрсөн таван сараас хойш нийт 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягаас над руу дайрч, нэр цохож холбогдуулсан. Хуулийн байгууллага яллагдагчаар татаж, дуудсан зүйл байхгүй. Энэ хэргийг хянаж байгаа прокурортой би албан уулзалт хийсэн. Энэ асуудалтай миний бие ямар нэг байдлаар шалгагдаж байгаа юу, өөр хэн нэгэн зүйл шалгагдаж байгаа юу гэж асуусан. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хаана таарч, манай өрөөгөөр ороод гарсан гээд би бүгдийг нь хэлсэн. Одоогоор энэ хүн нас барсантай холбоотойгоор нэг ч хүнийг яллагдагчаар татаагүй гэж хуулийн байгууллага хэлсэн. Намайг гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Зориудаар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь “Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж” зориудаар мэдүүлсэн гэсэн. Манай өрөөнд архи уугаагүй, ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай адилхан эсэхийг судлаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтийг харахад тархины цус харвалттай гэж гарсан байсан. Бүх зүйл нь тодорхой байхад намайг дайрч, холбож байгаа учраас аргагүй эрхэнд би мэдээлэл хийж байна. Хуулийн байгууллага тодорхой мэдээлэл өгч, цэг тавих хэрэгтэй байна.Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайдыг дуудаж 10 гаруй гишүүн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан асуудал байна гэсэн мэдээлэл гарсан гэж ярьсан гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан гэхээр нь би Ерөнхий сайдтай уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй. Намрын чуулган эхэлсний дараахан нэг УИХ-ын гишүүн өнөөдөр болж байгаа процессыг согтуудаа гишүүдэд хэлсэн гэж би сонссон. Яг тэр хүний согтуудаа ярьсан яриа нь өнөөдөр биелээд байгаа учраас би улс төрийн асуудал гэж хардаж байгаа юм. Хуулийн байгууллагын удирдлагад хандаж хэлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих. АТГ, цагдаа, прокурор яаж ажиллаж байгаа хармаар байна. Тэд ичихгүй бол би ичихгүй.  Би хэрэг хийгээгүй учраас түдгэлзэхгүй" гэсэн юм.