“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” ирэх оноос хэрэгжинэ

Ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг УИХ-аас 2017 онд баталсан Ахмад настны тухай хуулиар тогтоосон бөгөөд уг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.22-т заасан “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргах заалтыг үндэслэн “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулж ирэх оноос хэрэгжүүлэхээр боллоо.

Хөтөлбөрт ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны чадамжийг дэмжих, ахмад настны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах гэсэн 4 зорилтын хүрээнд 13 чиглэлээр 62 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасныг Засгийн газрын хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

Тэрбээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, ахмад ажилтныг сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн хувьд тэтгэвэрт гарахад бэлтгэх, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, салбар дундын зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх боломжоор хангахад чухал ач холбогдолтойг онцлоод хөтөлбөрийг боловсруулахдаа Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд /2015-2030/, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн баримт бичигт туссан зорилт, зарчмуудтай бүрэн нийцүүлснийг хэлж тэдгээрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.  

ҮСХ-ноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 9.0 хувийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй эзэлдэг. Тэдний 30,2 хувь нь буюу 87 761  нь эрэгтэй, 69.8 хувь (202 497) нь эмэгтэйчүүд байна. 60-аас дээш насны 217719 ахмад байгаа нь нийт хүн амын 6.7 хувь буюу 20 хүн тутмын нэг нь ахмад настан гэсэн үг. Нийт ахмадуудын 45 хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг. Мөн ганц бие ахмадын тоо жил бүр нэмэгдэж, тэдний 72 орчим хувийг эмэгтэйчүүд, 28 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа статистик бий.

Монгол Улс дэлхийн 232 орноос хүн амын тоогоороо 136, төрөлтийн түвшнээрээ 66, дундаж наслалтаараа  143-т эрэмбэлэгддэг. Дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 66.1, эмэгтэйчүүдийнх 75.8 жил.  Нийт хүн амын тоо сүүлийн 10 жилд 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 22 хувь буюу илүү хурдацтайгаар өсч, 2030 онд 12 хувь, 2050 онд 21 хувь хүртэл өсөх төлөвтэй байгаа энэ нөхцөлд Засгийн газраас баталсан “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” тун чухал ач холбогдолтой байх юм.