Хүчирхийллийг тэглэх аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор эхэллээ

НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт өнөөдөр /2019-11-21/ боллоо.Энэхүү аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд жил бүр тодорхой уриан дор  дэлхийн 180 гаруй улс орон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын хүн амын сан, Монгол Улсын Жендерийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 22 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны энэ жилийн уриа нь  “ОйлГОЁ ХҮНдэлье”.

Энэхүү уриа нь жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэх,  жендэрийн талаархи хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж буйн илэрхийлэл юм.Аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг нь өнөөдөр НҮБ-ын Улаанбаатар дахь төв байранд болсон “Хүчирхийллийн эсрэг хамтдаа гэрэлтүүлнэ” арга хэмжээ байлаа. Арга хэмжээний нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, УИХ-ын гишүүн А.Ундраа, Монгол дахь Европын холбооны Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Траян Лауренцю Христеа болон Швейцарийн Хөгжлийн агентлаг, Жендерийн үндэсний хорооны Ажлын алба, ЦЕГ, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ зэрэг олон байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.Хатагтай Каори Ишикава 16 хоногийн аяны нээлтэд зориулан зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хамтдаа гэрэлтүүлнэ” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хамтран зохион байгуулагчдад талархал илэрхийлээд саяхан Кени улсын нийслэл Найробид болсон Олон улсын хүн ам, хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирснийг онцлон дурдлаа. Тэрбээр олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх бэлгэ тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордон, Төв талбай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг барилга байгууламжийг гэрэлтүүлснээр Монгол Улс Найробид өгсөн амлалт буюу жендерт суурилсан хүчирхийллийг тэглэх том зорилтынхоо төлөө тууштай ажиллахын илэрхийлэл болох юм хэмээсэн.

УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ өнгөрсөн жил НҮБ, ҮСХ, ЦЕГ-ын хамтран хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” тайланг ач холбогдол өндөртэй сайн судалгаа болсныг үнэлээд хэн ч хүчирхийллийн хохирогч болохгүй байхын төлөө олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх  чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах ёстойг онцолж байлаа.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян төрийн болон ТББ, олон улсын байгууллагын хичээл зүтгэлийн үр дүнд жилээс жилд хүрээгээ тэлж, үйл ажиллагаа өргөжиж буй нь хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон төрлийн нөлөөллийн арга хэмжээний үр дүн хэмээгээд ХНХЯ цаашид ч энэ чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн хүрээнд тодорхой шинэчлэлүүдийг хийхийн төлөө манлайлж ажиллах болно гэсэн юм. Тэрбээр мөн УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн зохицуулалтууд орсон байгааг ч хэлсэн.

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ ТББ-ын захирал Д.Энхжаргал энэ аяныг хамгийн анх Хүчирхийллийн эсрэг төв зохион байгуулж байсан бөгөөд ийм өргөн олныг хамарсан том арга хэмжээ болтол лавтайяа 50 жилийн хугацаа хэрэгтэй байх хэмээн ярьж байснаа дурсаад “Дэлхий гурван зүйлийг тэглэх амлалт өгч байгаагийн нэг нь жендерт суурилсан хүчирхийлэл. Хүчирхийлэлд ямар ч зөвтгөл байхгүй. Мөн хүчирхийлэлд хүлээн зөвшөөрөх түвшин гэж байж болохгүй” гэсэн юм.

Зочдыг аяны талаар сэтгэгдлээ хуваалцсаны дараа НҮБ-ын байр, Төв талбай, Төрийн ордныг гэрэлтүүлэх улбар шар гэрлийг яг 18:30 цагт нэгэн зэрэг асаалаа.