ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ГАГНУУРЧДЫГ БЭЛТГЭНЭ

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл өнөөдөр /2019-12-06/ нээлтээ хийлээ.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих developpp.de хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хасу Мегаватт” ХХК болон ХБНГУ-ын Шахтбау Нордхаусэн ХХК, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэх “Төр, хувийн хэвшил стратегийн түншлэл гагнуурын мэргэжлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх” төслийн нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ёорн Розенберг, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлйин боловсрол, сургалт” төслийн удирдагч Беате Диппмар, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш  нарын төр болон хувийн хэвшил, хамтран ажиллагч олон улсын донор байгууллагын төлөөлөл  оролцлоо.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын мэрэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй ХБНГУ-д талархал илэрхийлээд шинээр хэрэгжиж эхлэх гэж буй төслийн талаар “Төсөл хэрэгжсэнээр гагнуурын мэргэжлийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий мэргэжлийн боловсрол, сургалтыг бий болгож, Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдэж буй гагнуурын мэргэжлийн дадлага, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, аттестатчиллын системийг төгөлдөржүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх өндөр ур чадвартай гагнуурчны эрэлт хэрэгцээг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын мэргэжлийн анхан болон ахисан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Үүний үр дүнд ажилгүйдлийн түвшинг бууруулж, дундаж орлогыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн.  

        

2021 оны аравдугаар сар хүртэл хэрэжих уг төслийн хүрээнд гагнуурын олон улсын стандарт болох ISO 9606 ff - г Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж, багш, үнэлгээний ажилтныг бэлтгэж, цаашлаад ISO-гаар баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй монгол гагнуурчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд “Хасу Мегаватт” ХХК-ийн харьяа Герман-Монголын МСҮТ болон “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн гагнуурын дадлагын газар, cургалтын цехүүдийг тохижуулан тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн тестийн журмыг  Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Германы гагнуурын холбоотой хамтран бий болгох юм байна.

Төсөлд мөн Өмнөговь политехник коллеж хамрагдах бөгөөд тус коллеж ХБНГУ, Австралийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Өмнөговь аймаг дахь Политехник коллежид хэрэгжиж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт”  төслийн хүрээнд гагнуурын мэргэжлээр төрөлжиж буй юм.