Н.ТЭГШБАЯР: Хүч хүрэхгүй, дийлэхгүй зүйлдээ ялагдах л хамгийн их харамсалтай байдаг

ТВ 8 телевизийн "100 асуулт" нэвтрүүлгийн зочноор "EВРОПАГРИД МОНГОЛЫН ХИЙН СҮЛЖЭЭ" компанийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн, физикч Н.Тэгшбаяр уригдан оролцсон билээ. Нэвтрүүлгийн үеэр тэрбээр сэтгүүлчийн асуусан асуултад олон сонирхолтой хариулт хэлсэн. Иймээс анхаарал татсан заримаас нь түүвэрлэн хүргэж байна. "Санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх болтугай" хэмээн хэлэх дуртай тэрбээр өөрийгөө аав, ээжийн эрх хүү байсан хэмээн тодотгосон. Увс аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, улмаар МУИС-ийн физикийн ангийн оюутан болсон хөдөөний хүү сургалтын төлбөрөө олохын тулд Дэнжийн 1000-ийн зах дээр тэрэг түрэхээс гадна хүүхдүүдэд математикийн хичээл заан мөнгөө цуглуулсаар сургуулиа амжилттай дүүргэжээ. Ингээд түүний сэтгүүлчийн асуултад хариулсан сонирхолтой хариултаас түүвэрлэснээ хүргэж байна. 

-Аав, ээж тань танд юу гэж захидаг байв?

-Хүнд тусалвал хүнд гэрэл гэгээг л өгдөг гэж хэлдэг байсан. Энэ бол аав ээжийн маань хэлэх дуртай үг.

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Сайн удмын нэрийг өндөрт өргөж, шударга, үнэнч явах юмсан гэсэн бодол миний үнэт зүйл. Эх орондоо эрдэм мэдлэгээ зориулж, алсын хараатай явах юмсан гэсэн бодол минь бас миний үнэт зүйл. Жишээ нь, би фронтод хамгийн олон мал өгсөн фронт Бадамын ач хүү. Тухайн үед буурал аав 23 мянган толгой мал тоолуулж байсан юм билээ. Буурал аав фронтод 12 мянга гаруй янчаан, 1000 гаруй мал өгсөн байдаг. Энэ хандив нь хувь хүнийхээ хувьд фронтод өгсөн хандиваараа дэлхийд дээгүүрт ордог. Буурал аав минь ийм л эх оронч хүн. Би буурал аавынхаа эх орныхоо төлөө бүхнээ зориулж чаддаг энэ нандин чанарыг нандигнаж, үнэт зүйлээ болгож явахыг хичээж явдаг.

-Хүний хувь тавилан гэж байдаг гэдэг. Хүн яаж явах нь юунаас шалтгаалдаг юм бол?

-Аливаад сэтгэлээсээ хандаад хичээвэл болно гэж боддог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэн шүү дээ. Өөрөө л хичээх хэрэгтэй. Үүн дээр нэмээд хүний удам судар байна. Өссөн орчин байна. Нөхөрлөсөн найз нөхөд байна. Бас хүн болгонд өгөгдсөн өгөгдөл гэж байна. Энэ бүхэн нийлж хүний хувь заяаг бүтээдэг юм болов уу гэж боддог.

-Та шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

-Хүүүхэд байхдаа хүлээж авдаггүй байсан. Харин нас явахын хэрээр дүрс дүрс гээд байлгүй "Энэ хүн нээрэн юу хэлчихэв" гэж бодож эхэлдэг байна.

-Та хүн шүүмжилдэг үү?

-Өмнө нь их шүүмжилдэг байсан. Одоо бол шүүмжлэхийн зэрэгцээ ШИЙДЭЛ хэлэх юмсан гэж боддог болсон. Шүүмжлэл бол элсэн цөлд ус асгахтай адил юм шиг байгаа юм. Иймээс элсэн цөл дээр ус асгах бус харин ХУДАГ барих хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Зөвхөн шүүмжлэх нь таатай зүйл биш л юмдаа. 

-Таныг хамгийн аз жаргалтай байсан үеэ дурсаач гэвэл?

-Би ер нь аз жаргалыг юунаас ч мэдэрч чаддаг хүн. Аз жаргал гэдэг харьцангүй юм. Гарах гэж байхад хань маань "Гадаа хүйтэн байна. Малгайгаа өмс" гээд миний төлөө хэлж байгаа үг нь надад аз жаргал авчирдаг. Ер нь хүн жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Аав ээжийн маань миний төлөө хэлсэн үгнүүдийг одоо бодохоор дандаа надад аз жаргал өгдөг. Миний амьдралд дандаа гэрэл гэгээ өгсөн байдаг юм. 

-Танд таагүй ханддаг хүмүүс хэр олон байдаг бол?

-Байдаг байх. Гэхдээ олон биш. Яагаад гэвэл би хүнд зорьж муу юм хийдэггүй. Төрөлхийн араншин минь энэ. Хүнтэй зодволдвол бөгс рүү өшиглөдөггүй. Нүүр лүү нь дэлсдэг. Эр хүн нүүр лүүгээ дэлсүүлчихээд гомдодггүй. Харин үгээр ч үйлдлээр ч нуруу руу нь "хутга шаачихаар" гомддог биз дээ. 

-Улс төрийг та юу гэж боддог вэ?

-Улс төр барьцгүй юм даа. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандаад, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсоод үйл хэрэг болгоод явбал улс төр сайн зүйл. Тэгэж чадахгүй сэлэм эргүүлээд байвал саар зүйл. 

-Таны тэвчихэд хэцүү зүйл юу байдаг вэ?

-Ойлгомжтой зүйлийг нүдэн дээр худал хэлээд байгааг тэвчихэд хэцүү байдаг. Хоёрдугаарт хүн алдаагаа хүлээн зөвшөөрчихөөд байхад нэмж дэвслээд, шалчиганаад байгаа хүмүүсийг харахаар тэвчих хэцүү.

-Та "EВРОПАГРИД МОНГОЛЫН ХИЙН СҮЛЖЭЭ" компанийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн. Та компанийнхаа талаар мэдээлэл өгөөч?

-Монголын хөгжлийн төлөө хүн бүр л санаа зовдог. Миний хувьд ч ялгаагүй санаа зовж, хүчээ өгөх юмсан гэж бодож явдаг хүний нэг. Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байхдаа Улаанбаатараа утаанаас салгачих юмсан гэж бодож байсан. Атомын цахилгаан станцтай болох тухай ярьсан. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэндээс би ямар сургамж авсан бэ гэвэл сонгогчдын боловсролыг дээшлүүлэх гэдэг шиг олон нийтэд технологийн боловсрол олгох ёстой байна гэж бодох болсон. Хүмүүс ийм ойлголттой байгаа юм чинь эхлээд бид утаагаа бууруулахын тулд атомын цахилгаан станц бус шахмал түлш хэрэглэх нь зөв юм байна гэж бодож байсан. Харин энэ Засгийн газар үүн дээр маш сайн ажиллаж, утааг нүдэнд харагдахуйц илт бууруулж чадлаа. Одоо харин үүний дараагийн шат юу юм бэ гэдгийг бүгдээрээ бодох хэрэгтэй. Дараагийн шат нь гэвэл хий, газ юм. Энэ нь яадаг вэ гэвэл хөгжиж байгаа болон хөгжсөн бүх орны иргэд хананаасаа цахилгаан, интернэт, усаа авдаг шиг газыг мөн авдаг болох ёстой. Үүний тулд ГАЗ-ын дэд бүтцийг тодорхой газруудад системтэйгээр байгуулах ёстой. Аль нэг нам гэлгүйгээр энэ асуудалд бүгд анхаарал хандуулж, мөрийн хөтөлбөртөө бүгд тусган урт хугацааны төсөл болгох ёстой. Миний хувьд өөрийн мэдлэг чадвараа үүнд зориулна гээд явж байна. Энэ бол 40 жилийн ажил. Энэ төслийг эхлүүлье. хөгжүүлье гэсэн зорилготой байна. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй оронд байгаа мундаг болвсролтой найзуудаа үүнд татан оролцуулая гээд бодчихсон байна. Хэрэв бид энэ төслийг хэрэгжүүлж яадвал Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Үйлдвэрлэл хөгжинө. 

Бид гадаадад очиход утаа үнэртдэг. Тэгвэл одоо монголчуудаас утаа үнэртдэг гэж хэлүүлмээргүй байна. Наанаа утаа үнэртэж байгаа шиг боловч цаанаа хоцрогдол үнэртэж байгаа юм. Хоцрогдол мэрэгдэж байгаа юм. Бид яахаараа дандаа ачаатай тэмээний ард явах ёстой гэж. Дэлхийн бусад улсын урд хөгжлөөрөө гармаар байна.

-Энэ урт хугацааны төсөл. санхүүжилт яаж бост байгаа вэ?

-Сая доллароос сайн санаа төрдөггүй. Сайн санаасаас сая доллар төрдөг гэсэн үг байдаг. Санхүүжилт маш олон замаар босч байгаа. Монголчуудын амьдралд гэрэл гэгээ нэмэх энэ төслийг дэлхий нийтээр хийгээд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийт энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар жишигээр явсан түүгээр л хийнэ. Бид энэ төслийг хийх хэрэгтэй. Утаа бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхийн асуудал.

-Та уул уурхайн салбарын тоосолжийг арилгахын тулд төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Мэдээлэл өгөхгүй юу?

-ОХУ-ын “Завод Спецпродукт” компани “Bitanox” хэмээх тоос дарах барьцалдуулагч бодис гарган авч гурван жил гаруй хугацаанд өөрийн орны уул уурхайн компаниудад болон орон нутгийн шороон, сайжруулсан замд хэрэглэж үр дүнгээ өгч байна. Иймээс тус компанитай холбоо барьж энэ технологийг Монголд оруулж ирээд байгаа. Учир нь уул уурхайн салбар хөгжих хэмжээгээр тоосжилт ихээр нэмэгдэж хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд бодит аюул учруулж байна. Ялангуяа манай улсын цаг уурын хуурай нөхцөл байдал тоосжилтын асуудлыг улам хурц болгож байна. Уул уурхайг хариуцлагажуулах асуудал хөндөгддөг ч тоосжилтын эсрэг төгс шийдэл манай орны хувьд олоогүй байна. Мөн тоосжилтод хяналт тавих, бууруулах хууль, стандарт байдаггүй тул энэ асуудлыг шийдвэрлэх арга зам сул байгаа. Иймээс энэ технологио "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад танилцуулсан. Маш сайхан хүлээж авсан. Болдог бол энэ технолгио "Эрдэнэт" үйлдвэрт нэвтрүүлмээр байгаа. Энэ бол маш сайн технологи шүү.

-Таны бодлоор амжилт гэж юу вэ?

-Төлөвлөсөн ажлынхаа ард аятайхан гараад явах нь амжилт юм уу даа.

-Танд ичдэг зүйл бий юу?

-Бий, олон зүйл бий. Түүнээс онцолбол юманд хариуцлагагүй хандахаас ичдэг.

-Та юунд хамгийн их суралцахыг хүсч байна вэ?

-Хүний сэтгэлийг олж сурахыг хүсч байна. Хүний сэтгэл гэдэг хязгааргүй том далай юм. Хоёрдугаарт усыг ойлгохыг их хүсдэг. Ус. хүний сэтгэл хоёрын учрыг ойлгочих юмсан гээд хичээж явна. 

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл? 

-Хүүхдээ эрхлүүлэх.

-Айдаг зүйл?

-Хүний итгэлийг алдахаас л их байдаг. Хүний итгэл алдахгүй юмсан гэж боддог.

-Таны хамгийн их харамсаж явдаг зүйл юу вэ?

-Тийм зүйл бий бий. Жишээ нь ээжтэйгээ хамт Бөмбөгөр худалдааны төв орох автобусанд суугаад хүн нь багтахгүй хаалгаар нь хоёулаа шахагдаад гарч байхдаа амьдралын чанар болохгүй байгаа юм даа гэж бодож байсан. Дараа нь ээж минь хорт хавдар тусахад тэр өвчнийг эдгээж чадахгүй ч насыг нь арай уртасгаж чадах байсандаа гэж маш их харамсаж байсан. Ер нь хүн хүч хүрэхгүй, дийлэхгүй зүйлдээ ялагдах л хамгийн их харамсалтай байдаг.

-Таны хүсэл мөрөөдөл юу вэ?

-Монгол Улсаа дэлхийн ТОП 20 орны нэг болгох юмсан л гэж боддог.

-Таны бодлоор мөнгө гэж юу вэ?

-Физикч хүний хувьд хэлэхэд хэмжих нэгж юм байгаа шүү дээ, мөнгө гэж.

-Та Цөмийн энергийн газрын дарга байсан. Гоелогийн төв лабораторийн дарга байсан. Албан тушаалд очиход "нутгийн юм" гүйгээд байна уу үгүй юу?

-Хүмүүс тэгэх юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад би Гоелогийн төв лабораторийн даргаар томилогдсон. Тэгэхэд би хэлж байсан. Намайг дарга болгоод өг гээд өмнө хойно чин ороод гуйгаад байх юм алга. Харин болохгүй байгаа газраа заагаад өгчих. Би босгоод ирье гээд Гоелогийн төв лабораторийн даргаар очиж байсан. Цөмийн энергийн салбар хэл амтай байсан. Би тэр газраа өгчих, босгоод ирнэ гээд л очиж байсан. Би чин ар өврийн хаалга байхгүй бор зүрхээрээ, мөнчигрөөрөө л явж байгаа хүн. Дээрээсээ крангүй, доороосоо домкратгүй "амьтан". Хойшид ч тэгж яваад л дуусах байх. Н.Алтанхуяг даргыг нутгийн хүнээ тавилаа л гэдэг. Нам нь олонхи боллоо. Тэнд болохгүй байгаа салбар байна. Би санал тавилаа. Гоелогийн төв лабораторид намайг очиход хэл ам хэрүүл тэмцэлтэй, алдагдал гээд бөөн юм болж байсан. Түүнийг нь өсгөөд л өгсөн. Дараа нь манай нам ялагдсан. Яв гэсэн. Хүн ирж чадсан шигээ явж чаддаг байх хэрэгтэй. Хадаг сүүгээ өгөөд л явна биз дээ. ер нь нам нь ялагдсан бол гол гол салбарыг толгойлж байгаа хүмүүс явахаас нь өмнө үг дуугүй явах хэрэгтэй шүү дээ.