М.Энхболд: Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэсэн

УИХ-ын гишүүн М.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Гүнбилэг 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад оролцох үеэрээ нэг хүн М.Энхболд дарга руу хутга барьж дайрсан хэмээн ярьсан.

Учир нь тухайн үед М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой "МАНАН дэглэмийг түлхэн унагая" гэсэн уриатай жагсаал Сүхбаатарын талбайд болсон бөгөөд тухайн үед М.Энхболд даргын өрөө рүү УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, "Босоо хөх монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, "Дархан ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Д.Даш нар орж шаардлага хүргүүлж байсан юм. Иймээс эдгээр хүмүүсийн хэн нь М.Энхболд дарга руу хутга барьж дайрсан бэ гэдэг нь анхаарал татсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй бизээ амьдрал сайнгүй байна шүү дээ гэж хэлж байсан" хэмээлээ.