НИТХ-аар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шийдвэр гаргажээ 

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар  хэлэлцүүлгийг хийсэн.

Улмаар Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталсан. Тэгвэл тус хуралдаанаар нийслэлийн иргэдийн анхаарлын төвд байсан асуудлуудын нэг болох авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө нь жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол  ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж буй юм байна. Энэ нь эргээд жолооч нарын зорчиж байгаа замыг засахад зарцуулагдах юм хэмээн албаныхан тайлбарлаж байна. Мөн авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхлэх төдийгүй тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байх аж.

 

Мөн “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэв. Ингэснээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбум төгрөгөөр тооцоолон компанийн хуулийн дагуу санал болгон хувьчлах юм байна.