УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дахин нэг хэрэгт яллагдагчаар татагдсан уу

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсхийгээд л таагүй үйл явдалд нэр холбогддог. Гэвч ямар ч асуудлаас өөрийгөө аваад гарчихдаг нь олон хүний гайхширлыг төрүүлдэг. Тэгвэл тэрбээр сүүлийн хэдэн өдөр ээлжит таагүй үйл явдлын гол дүр болж, эрүүгийн хоёр ч хэрэгт яллагдагчаар татагдаад буй бололтой. 

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Мөн тэднийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хориглосон.  Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийг хэрэг үүсгэн яллагдагчаар татаад буй гэх. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг болох ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарт холбогдсон хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татахаар болжээ. Энэ тухай эх сурвалжууд Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар нь Н.Номтойбаярыг ХНХ-ийн сайдаар ажиллаж байх үед сайдынхаа даалгавар, тушаалаар ямар ч шалгаруулалтгүйгээр 20 аж ахуйн нэгжид 200 сая төгрөгийн, ямар ч хүүгүй зээл олгосон гэсэн. Энэ нь түүнийг яллагдагчаар татах үндэслэл болсон гэсэн тайлбарыг өгч байна. Мөн хуулийн байгууллагынхан Н.Номтойбаярт түүнийг дээрх үндэслэлээр шалгах болсныг дуулгасан гэдгээ ч хэлсэн гэх мэдээлэл байна.  

Үнэндээ дээрх үйл явдал нь Н.Номтойбаярыг тойрсон таагүй үйл явдлын дөнгөж эхлэл нь. Хэрэв уншигчид санаж буй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жил чуулганы танхимд Н.Номтойбаярт хандан “Чи 30 гэр бүлийн нэгд орно шүү” хэмээж байсан. 

Түүнчлэн түүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувийн компанидаа давуу эрх олгон төрөөс хумсалж гаршаад буй бас нэг “бизнес” нь гаднаас оруулж ирж буй хятад ажилчдаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх юм. Тэр энэ ажлыг УИХ-д дөнгөж сонгогдсон жилээсээ л хийсэн. Ямартай л энэ тухай time.mn сайтад 2012 оны аравдугаар сарын 15-нд нийтэлсэн. Ингэхдээ “УИХ-ын шинэхэн гишүүн Н.Номтойбаярын Монголын алт компани буюу МАК ХХК энэ онд 1411 хятад ажилчин оруулж ирснийхээ төлөөс болох дөрвөн тэрбум 754 сая төгрөгийг улсад төлөхгүй бултахаар зүтгэж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь гаднаас ажилчин оруулж ирж буй ямар ч аж ахуйн нэгж хүн тус бүрээр тооцож cap болгон 280800 төгрөгийн татаасыг улсад төлөх учиртай. Гэтэл Н.Номтойбаярын МАК ХХК энэ жил 1411 хятад ажилчинг урд хөршөөс оруулж ирснийхээ төлөөс болох бүтэн жилийн дөрвөн тэрбум 754 сая төгрөгийг төлөхгүй байхаар шийдэж...” хэмээн бичиж байж.

Тэгвэл энэ бүх дуулиан намжаагүй байхад түүний тухай бас нэг бараан мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим орчиннд тараад байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга асан Г.Батхүү Төрийн ордонд  нас барсан хэрэг гарсан билээ. Талийгаач Төрийн ордонд явж байхдаа зарим гишүүнтэй уулзаж, өрөөнд нь ороод гарсан бөгөөд Г.Батхүү агсны хамгийн сүүлд уулзсан гишүүн нь Н.Номтойбаяр байсныг мэдээлсэн. Тухайн үед энэ талаар УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр Миний хувьд уг хэрэг явдал болдог өдөр талийгаач Г.Батхүүтэй хамт Засгийн газрын ордны яг энэ коридороор ярилцаад хамт алхаад явж байсан. Мэдээж бид өмнөх парламентад хамт ажиллаж байсан. Мөн ижилхэн авто спортоор хичээллэдэг, сонирхолтойн хувьд талийгаач “дүүгийн өрөө хаана билээ” гээд миний өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Бид тэр үеэр Монголын “Off-Road” холбооны ажлын талаар ярилцсан” гэж байв.

Тэгвэл Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан тухай мэдээлэл гарах болсон. Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандаж, хүсэлт хүргүүлсэн албан бичиг нь ил болоод байна. Тэрбээр уг хүсэлтэдээ:

 “Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр миний бие 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г.Батхүү агсантай Төрийн ордонд таарсан тухай цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.

10 дугаар сарын 31-ны  өдөр МБА-ны хэлтсийн дарга Эрдэнэбилэг надтай уулзаж, “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи угаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2 заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй...” гэв.

Тус өдрийн буюу 11 дүгээр сарын 1-ний өдөр миний бие НПГ-ын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж, сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу? Гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн. /Шүүх шинжилгээний 1156 тоот дүгнэлтэд талийгаачийн үхлийн шалтгааныг “...тархины цус харвал” гэж тогтоосон/

Гэтэл НПГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд, гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг дурджээ.

Миний бие 05 дугаар сарын 19, 30-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг архи хэрэглээгүй гэж мэдүүлсэн бөгөөд 06 дугаар сарын 18-ны өдөр ахлах мөрдөгч Н.Энх-Амгаланд өгсөн гэрчийн дэлгэрэнгүй мэдүүлэгтээ “Талийгаач хундагалж өгсөн архийг уусан илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй” гэж мэдүүлснийг, мөн бусад гэрчийн мэдүүлэгт “...талийгаач уугаагүй юм шиг байсан” гэж тус тус мэдүүлснийг харгалзан үзээгүй. Мөн тогтоолд талийгаачийн тухайн өдрийн 14:45:58 цагт Төрийн ордонд ирснээс хойш 18:50 цагийн орчимд надтай таарах хүртэлх хугацаанд хаана, хэнтэй уулзаж явсныг дурдаагүй, мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан “... ходоодны шингэнд 5.5 промнлли спирт илэрсэн” нь манай  өрөөнд байсан архи мөн эсэхийг шинжилж тогтоогоогүй байна.

Тэгээд ч надад талийгаач архи уусан эсэхийг үлээлгэж тогтоох драгер, цусны шинжилгээ хийх лабораторийн төхөөрөмж байхгүй бөгөөд амыг нь ч үнэртэх боломж байгаагүй учраас өөрт анзаарагдсанаа л бодитоор мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй.

Иймд, Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтаа НПГ-т гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ.

Эндээс харахад эрхэм гишүүн эрүүгийн хоёр ч хэрэгт яллагдагчаар татагдсан нь тодорхой болоод байна.