“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажлаа дүгнэлээ

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан оюутан залуусын дунд зохион байгуулах “Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр Хүүхдийн ордонд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй оюутан залуус оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд МУИУС, МУБИС, АШУҮИС, СУИС, “Отгонтэнгэр”, “Этүгэн”, “Дотоод хэргийн их сургууль”, “Их засаг” зэрэг найман их дээд сургуулийн 80 гаруй оюутан залуус хамрагдаж 12 багт хуваагдан хувь хүний хөгжил, хотын соёлын талаарх илтгэл, мэтгэлцээнийг зохион байгуулсны дээр баг тус бүр “Театрын соёл”, “Их хотын соёлтой иргэн”, “Их хотын соёлтой сурагч”, “Хотын соёл бидний нүдээр”, “Оюунлаг өдөр-2019”, “Оюунд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр нөлөөллийн бүтээлч ажлуудыг өрнүүлж, 3000 гаруй оюутнуудыг хамруулжээ.   

“Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уригдан оролцож оюунлаг залууст хандан хэлсэн үгэндээ “Бидний зүгээс улс эх орны ирээдүйн хөгжлийн гол толхүүр, түүчээ нь болсон хүүхэд залуучуудынхаа хүсэл тэмүүлэл, бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах нь ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Тиймээс та бүхний зорилго, хүсэл тэмүүлэл уг хөтөлбөрт тусгагдсан байх гэж би бодож байна. Хөдөлмөр зүтгэл, хичээл чармайлт, хөгжил гурав хүйн холбоотой оршдог. Цагаа битгий дэмий зүйлд үрэлгүй үр дүнтэй, бүтээлч зүйлд зарцуулаарай гэж  залуустаа захья. Залуу хүмүүс завгүй бай,  зорилготой байж амжилтанд хүрдэг” хэмээгээд оюутан залууст баяр хүргэн амжилт хүслээ.

Хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг сургууль”,  “Шилдэг мэтгэлцэгч”, “Шилдэг илгэгч”-ийг шалгаруулсны дээр “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гаргасан таван оюутанд нийслэлийн 380 жилийн ойн хүндэт медалийг  гардуулан өгч, урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжлэн өндөрлөлөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба