Ч.РАДНААБАЗАР: БАЙГАЛЬ ОРЧНЫ БАГЦ ХУУЛИАР САЛБАРЫН ХУУЛИУДЫН ЗӨРЧЛИЙГ САЙТАР ЦЭГЦЭЛЖ ЧАДНА

Байгаль орчны багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тус яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазартай ярилцлаа.

-УИХ-аар Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Багц хуулийн төслийн гол зорилго юу вэ?

-Байгаль орчны салбарын 30 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бид эдгээр хуулиуудад дүн шинжилгээ хийсэн. Ингээд дүн шинжилгээгээр харахад салбарын хууль тогтоомж хоорондоо уялдаа холбоо байхгүй, хууль хоорондын зөрчилтэй, давхардал ихтэй, хуулинд заасан хэдий ч яаж шийдвэрлэх гарцыг зааж өгөөгүй хийдэл ихтэй байсан.

Жишээлбэл, усны тухай хуулинд байгаа заалтыг Ойн тухай хуулинд өөрөөр заачихсан зөрчилтэй байх нь бий. Иймээс салбарын хуулиудын зөрчил, хийдэл давхардлыг арилгах зорилгоор багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна.

-Байгаль орчны салбарын хуулиудыг цэгцэлж, уялдаа холбоог сайжруулж байгаа анхны томоохон алхам. Багц хуулийн төслийг боловсруулахад нэлээд урт хугацаанд хэлэлцүүлэг ажлууд зохион байгуулсан байх. Бас хуулийн төсөлтэй холбогдуулан гурван хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа гэж сонссон?

-Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулсан.

Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс нийт 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдуудын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгасан.

-Хуулиудад хийсэн дүн шинжилгээгээр хэчнээн хуулийн хэдэн заалт давхардаж, уялдаа холбоо муутай, давхардсан зөрчилдсөн байна гэж дүгнэсэн бэ?

-20 гаруй хуулийн 142 давхардал гарсан. Нэг хуулинд заагдсан заалт өөр хуулинд давхар заагдсан гэсэн үг.
227 хийдэл гарсан. Жишээлбэл, зөрчлийн тухай хуулийн заалтуудад өөрчлөлт оруулахаар байгаа. Нэг хуулинд аливаа үйл ажиллагааг хориглосон боловч зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ торгууль зэргийг огт заагаагүй байх жишээтэй.

Хоорондоо зөрчилдсөн 147 заалт олсон. Нэг хуулинд Засгийн газар зохицуулна гэж заачихаад өөр хуулинд УИХ шийдвэрлэнэ гээд заачихсан байх жишээтэй.

-Ер нь байгаль орчны голлох хуулиудад хэчнээн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг вэ. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь хийдэл, давхардал зэрэгт их нөлөөлсөн байх?

-Байгаль орчны салбарын анхны хууль буюу Байгаль орчныг хамгаалах тухай хууль 1995 онд батлагдан гарснаас хойш 24 жилийн хугацаанд салбарын хуулиудыг нэг мөр нэг ч удаа цэгцлээгүй. Тухайн цаг үедээ тааруулж гаргасан, богино хугацааны хуулиуд нь давхардал хийдэл үүсгэх, бусад хуультайгаа зөрчилдөх байдал үүсгэж байсан. Тэгэхээр сууриар нь бүхэлд нь нэг харах хэрэгтэй байсан.

Байгаль орчныг хамгаалах хууль 1995 онд батлагдсанаас хойш одоог хүртэл шинэчлэн найруулаагүй мөртлөө энэ хугацаанд 23 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг.

Амьтныг хамгаалах хууль гэхэлд 2012 онд батлагдаж 2 удаа нэмэлт өөрчлөлт. Усны тухай хууль 1995 онд батлагдснаас хойш 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

Байгалийн ургамлын тухай хууль гэхэд 1995 оноос хойш 4 удаа гэх мэт нэмэлт өөрчлөлт их хийгдсэн.

-Хийдэл давхардал, зөрчилтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд үүсч байсан тодорхой кэйс нэрлэж болох уу?

-Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэхэд  хураамж авдаг. Жишээлбэл энэ нь хийдэл үүсгээд яваад байсан.Өдийг хүртэл хуулинд тийм зохицуулалт байхгүй мөртлөө журмаар зохицуулаад яваад байгаа. Тиймээс үүнийг хуулинд нь суулгаж өгөөд Улсын тэмдэгтийн хураамж тэд байна гээд холбогдох заалтуудад нийцүүлж тодорхой зааж өгч байгаа.

Иргэд өөрсдөө далан бариад, үерийн болон борооны усаар хөв цөөрөм сайн дураараа байгуулах явдал их байна. Тухайлбал үүнийг хуулинд огт тусгаагүй байдаг. Жишээлбэл ингэж хөв цөөрөм байгуулсан иргэдэд урамшуулал олгох асуудлыг оруулж өгсөн гэх мэт олон жишээ дурьдаж болно.

УИХ-ын дэгийн тухай хуулинд Байгаль орчны төлөв байдлын тайланг танилцуулна гэж заасан байдаг ч байгаль орчны суурь зохицуулалтын хуулинд тайлагнах талаар огт заагаагүй байдаг. Жишээлбэл үүнийг Байгаль хамгаалах хуулин дээрээ заалт оруулаад 2 жил тутамд УИХ-д байгаль орчны төлөв байдлыг танилцуулна гэж оруулж өгч байна.

эх сурвалж: БОАЯЖ