Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг саатуулжээ

АТГ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг саатуулжээ. Ингэхдээ түүний ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.  

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан  тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. 

Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Тодруулбал, ХХҮЕГ-ыг удирдаж буй Б.Нямдаваа ашиг сонирхлын зөрчилтэй. Тухайлбал, тэрбээр, 2017 онд А/50, А/145 тоот тушаал гаргаж гадаадын хөрөнгө оруулалттай “Дун юань” компанид дээрх тушаалуудаараа гадаадаас тус бүр 49 ажилчин авах зөвшөөрөл олгожээ. Уг нь, гадаадаас ажиллах хүч авах квотыг Засгийн газар тогтоодог. Нөгөөтээгүүр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оны долдугаар сарын 26-нд Засгийн газрын 137 тоот тогтоолд тусгасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр “Дун юань” компанийн хүсэлтийг буцаасан байна. Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа Засгийн газрын тогтоолыг зөрчиж, гадаадын 98 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн АТГ-аас үзэж буй тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм.