Осака-2019

Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр “Осака-2019” Гранд Слам тэмцээнд оролцохоор мордсон. Тэгвэл тамирчид тэмцээн болох газраа саадгүй хүрч жиндээ орох нарийн заслаа хийн сугалаагаа харан барилдааны тактикаа боловсруулж байна. Осака-2019 "Их дуулга"-д оролцохоор дэлхийн 87 улсын эрэгтэй 280, эмэгтэй 206, нийт 486 жүдоч сугалаанд нэрээ өгчээ. Манай улсын хувьд “Бага дэлхийн аварга”-д 14 тамирчнаа сойж байгаа бөгөөд эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн жүдочоо илгээсэн. Тодруулбал олимпийн эрхийн бүст оноо авсан олимпод хүч үзэх магадлалтай тамирчдаа арлын орон руу илгээсэн. Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн болж, эхний өдөр хүч үзэх манай тамирчид хэрхэн сугалаа татсныг хүргэе.

Тэмцээний эхний өдөр /Арваннэгдүгээр сарын 22/

-48 кг: /26 жүдоч/

ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг урилгаар оролцуулдаг тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг  хүч үзнэ. Тэрбээр “Токио-2019” ДАШТ-д хүрэл медаль хүртсэн тул урилгаар энэхүү тэмцээнд оролцож байгаа. М.Уранцэцэг тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдсэн учраас “С” хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөөд шилдэг наймд шалгархын төлөө Тайваний Лин Чен-Хао, Румыний Моника Унгуреану нарын ялсантай хүч үзнэ. Улмаар ялвал хэсгийн аваргын төлөө эзэн орны жүдоч -52 кг-ын жингийн ДАШТ-ий мөнгөн медальт Нацүми Цүнодатай барилдах магадлал өндөр байна. Н.Цүнода эхлээд БНСУ-ын Кан Юү-Жеонтой барилдах учиртай. Тэрбээр -52 кг-ын жинд олимпод өрсөлдөх боломж муутай тул -48 кг-ын жинд өрсөлдөж эхэлсэн бөгөөд кодакан кап тэмцээнд түрүүлээд байгаа юм.

Энэ жинг дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Фүна Тонаки тэргүүлэн барилдаж байна. Харин Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг D хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд энэ оны Монреалын Гран При болон залуучуудын ДАШТ-ий аварга Вакана Кога, энэ оны Парисын Их дуулгын хүрэл медальт Францын Мелоди Вогарни нарын ялсантай хүч үзэхээр сугалаа гарчээ.  

-60 кг: /33 жүдоч/

Энэ жинд манай улс хоёр ирээдүй болсон залуу тамирчдаа илгээсэн бөгөөд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин 2019 оны Монгол Улсын аварга, Армийн спортын наадам, Загребийн Гран При, Ази номхон далайн орнуудын АШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхтайваны Ариунболд, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Женко клубийн тамирчин, Екатринбургийн Гранд Слам тэмцээний аварга Лхагважамцын Өнөболд нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө. В хэсэгт Э.Ариунболд тэгшгэлд буюу эхний тойрогтоо Лаосын бөхтэй учраа таарсан бол хоёрын даваандаа Узбекистаны Кемран Нуррилаевтай учраа таарна. Улмаар ялсан тохиолдолд шилдэг наймд шалгархын төлөө өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, энэ оны Ази-Номхон далайн орнуудын аварга Японы Генки Кога, энэ оны Самсуны Гран Пригийн аварга, Екатринбург, Дюссельдорфын Гранд Слам тэмцээнүүдийн хүрэл медальт Недерландын Торнике Цжакадое нарын ялсантай барилдана. Түүний хэсэгт Азийн наадмын хүрэл, энэ оны ДАШТ-ий гол нээлт Тайваний Ян Юү-Вэй, Азербайжаны залуу од ДАШТ-ий тавдугаар байрт Азербайжаны Карамат Хусейнов нар багтжээ.

Харин Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа энэ оны Ташкентийн Гран Пригийн хүрэл, Европын наадмын тавдугаар байрт Германы Моритз Плафкитэй учраа таарлаа. Хэрвээ манай жүдоч өрсөлдөгчөө ялбал Бразилийн Эрик Такабатаке, Японы Аоки Дай нарын ялсантай шилдэг наймд үлдхийн төлөө барилдахаар сугалаа таарсан. Энэ хэсгийн доод талд “Токио-2019” ДАШТ-д манай Д.Амартүвшин гавьяатыг ялсан Кыргызстаны К.Айбек-Уулу хуваарилагдсан байна.

-52 кг:/31 жүдоч/

Энэ жинд залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпийн мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам тэмцээний чансаа долоод эрэмблэгдснээр С хэсэгт дэлхийн хошой аварга Үта Абетай хуваарилагдлаа. Манай жүдоч эхлээд энэ оны Ази-Номхон далай орнуудын аваргын төлөө учраа таарсан Узбекистаны Диёора Келдиёроватай учраа таарлаа. Узбек бүсгүй энэ оны тивийн аваргад манай тамирчныг ялж, спортын замналынхаа хамгийн оргил амжилтыг үзүүлсэн бол Л.Сосорбарам маань оролцсон дийлэнх тэмцээнээсээ медаль хүртсэн билээ. Энэ удаад манай жүдоч ялбал шилдэг наймд шалгархын төлөө Канадын Екатерина Гуйса, БНХАУ-ын Жан Кешин нарын ялсантай барилдана. Улмаар ялсан тохиолдолд дэлхийн хошой аварга Үта Абетай хэсгийн аваргын төлөө хүч үзэх боломжтой сугалаа татсан байна. Харин D хэсгийн эхний тойрогт ДАШТ-ий иж бүрэн медальт Ай Шишимэ эхний тойрогтоо дэлхийн хошой мөнгөтэй Румыний Андреа Читутэй учраа таарчээ.   

-66  кг:/43 жүдоч/

Энэ онд ДАШТ-д оролцож чадаагүй ч оролцсон тэмцээн бүртээ медалийн төлөө өрсөлдсөн ОУХМ Ганболдын Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдсэн тул С хэсгийг тэргүүлэн барилдахаар боллоо. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд Энэтхэгийн Жаслен Сингх Сайни, Болгарын Божидар Темелков нарын ялсантай хоёрын даваанд учраа таарна. Улмаар шилдэг наймд шалгархын төлөө Кубын Орландо Поланкотой өрсөлдөх магадлал өндөр байна. Энэ жүдочид манай бөх өнгөрсөн сард Абу Дабигийн Гранд Сламын хүрэл медалийн төлөө ялагдсан бөгөөд “даага нэхэх” боломж бүрэн байна. Улмаар манай бөх шилдэг наймд шалгарвал хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ан Баультай учраа таарах магадлал өндөр. Гэхдээ олимпийн мөнгө, дэлхийн аварга “хангүг эр” эхлээд Японы Юүжи Айда, Португалын Жоао Крисостомо нарын ялагчтай хүч үзнэ.  

-57 кг:/37 жүдоч/

Олимпийн мөнгө, дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Хөх хотын Гран При тэмцээний дараагаар Осакагийн Их дуулгад хүч үзэх гэж байна. Дэлхийн чансааны 11 рүү ухарсан тэрбээр тэмцээний чансаа дөрөвт бичигдэж байгаа тул В хэсгийг тэргүүлэн барилдахаар боллоо. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрын даюаандугаар тойрогтоо эртний танил БНСУ-ын Ким Жан-Дитай  учраа таараад байна. Улмаар ялбал Германы Инес Бешмидт, олимп, дэлхийн мөнгөн медальт Румыний Корина Стефан нарын ялсантай хүч үзнэ. Корина Стефан гэр бүл зохиохоосоо өмнө буюу Корина Каприориу нэрээрээ Лондонгийн олимпод мөнгөн медаль, “Астан-2015” ДАШТ-ээс мөнгө, “Парис-2011” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ. Улмаар эхний хоёр өрсөлдөгчөө ялбал Д.Сумъяа хэсгийн аваргын төлөө өөрийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Момо Тамаокитэй учраа таарах магадлал өндөр байна.