ЧУУЛГАН: Гишүүдийн 100 хувийн саналаар

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа. Тодруулбал, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа  Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураасан. Санал хураалтад 46 гишүүн оролцож, 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан бөгөөд энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг товчлон  хүргэе. 

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэлээд бухимдалтай байсан. Тэрбээр энэ гэрээ маш муу гэрээ болсон. Засах ёстой.  Гэтэл ХЗДХ-гийн сайд Ц.Нямдорж илт өмөөрөөд худлаа мэдээлэл өгдөг. Энэ компанийн бие төлөөлөгч шиг. Тухайлбал, Оюутолгойд өнөөдөр 15 мянган монгол ажилчин бий гэж хэлдэг. Оюутолгойтой гэрээгээ цуцалбал энэ олон хүн ажилгүй болно гэсэн айлгах тактик хэрэглэдэг. Одоо түүнээс нь айж болохгүй. Би судалсан.  Тэгэхэд Оюутолгойд 2000 гаруй монгол үндсэн ажилчинтай. Бусад нь туслан гүйцэтгэх компанийнхан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөрэй гэхэд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт "Оюутолгой компанид өнөөдрийн байдлаар 2920 монгол ажилчин бий. Туслан гүйцэтгэх компанийнхантайгаа нийлээд 15 мянга орчим  монгол  хүн ажлын байртай болсон. Харин уурхайн далд уурхай зэрэг зарим ажил нь ашиглалтад орсноор томоохон туслан гүйцэтгэгч компаниудын туслан гүйцэтгэх ажилчид цөөрсөн. 11 орчим мянга болсон" гэж байсан юм.   

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хууль зөрчиж, хоёр асуудлыг зөрчсөн байдаг. Эрдэнэтийн 49 хувийг УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдчихсэн. Дубайн гэрээ ч  мөн адил. 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан. Гэтэл орж ирсэн энэ тогтоолын хоёрт нь хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулсан гэсэн байна. Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй.

“Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочхоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар биш өөр юу юм. Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ нь манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр. Хэрэв шударга шүүх гэж байдаг бол энэ нь цэвэр дээрэм.  Гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй, энийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас айлын талд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа тэднийг шүүнэ. Оюутолгойн асуудлыг гадаад талаас айж шийдэж болохгүй. Цэвэр луйврын хэлэлцээр болсон.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Оюутолгой орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулж байгуулсан. Тус ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Үүний дараа нь буюу 86 дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг надаар ахлуулж, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрөгч зургадугаар сарын 03-ны өдөр байгуулсан. 86 дүгнэлтийн хүрээнд бид ажилласан. Нийт есөн төрлөөр тогтоолын төсөл боловсруулж, ес дахь хувилбарыг УИХ-д өгсөн. Мөн Засгийн газар, ҮАБЗ-ийн саналыг аваад дахин оруулж ирсэн. Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмгөөлж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй. Тогтоолд нийцүүлэн сайжруулах гэж бий. Сайжруулах гэдэг үгийг ярилцаж байгаад авч болно. Төсөл хэрэгжээд 10 жил болж байна. Төслийг сайжруулах чиглэлд явах болов уу гэж бодож байна. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа. Гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах, дагалдах элементийн асуудлыг авч үзээд ТЭЗҮ-ийг дахин хийх саналыг Оюу толгойгоос Засгийн Газарт өгсөн юм билээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Бидэнд алдаатай зүйлс бий. Гишүүд энэ асуудалд өөрсдийнхөө сул талыг бага ярьж алдааг яаж засаж сайжруулах уу гэдэг талаас нь яриасай гэж хүсч байна. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш Рио-Тинто компанийн талаас уулзъя гэж маш олон удаа и-мэйл болон таньж мэдэх хүмүүсээр дамжуулж утсаар ч холбогдсон. Би нэгэнтэй нь ч уулзаагүй. Бид нэг цонхны бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол бидний ярьсан зүйл дээр айлын талаас ажиллаад байгаа тал байна шүү. Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа. Тэдний идэвхтэй байр суурь нь ажиглагдахгүй байна. Би энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж болох уу. Мөн сая шүүх дээр юу болов уу. Засгийн газрын итгэмжлэгч төлөөлөгч нь үүнд тайлбар өгөөч.

ЗГХЭГ–ын дарга Л.Оюун–Эрдэнэ:

-Асуудалд нэг цонхоор харах гэдэгтэй санал нэг байна. Гишүүд айлын талаас уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад дээр, дооргүй уулзаж, тал талаас утасдахаа болих хэрэгтэй. Өнөөдөр УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Өнгөрсөн хэдэн сард хэлцэл хийх боломжгүй нөхцөл байдалтай явж ирсэн. Нэг цонхтой холбоотой асуудлыг цаашид хаана хаанаа бодох ёстой. Албаны хүмүүс, Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарт ч би анхааруулсан. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож байгаа. Засгийн газрын шийдвэр тогтоол болон захирамжийн шинжтэй байж болно гээд заачихсан. Гэхдээ Засгийн газрын явж ирсэн өмнөх нийтлэг жишгээр өндөр дүнтэй гэрээ, хэлцэлтэй холбоотой аль эсвэл хөрөнгө шийдэгдэхтэй холбоотой асуудлууд Засгийн газрын тогтоолоор албажих ёстой. Бүх яамнаас санал авах ёстой. Энэ процедургүйгээр Дубайн гэрээг байгуулсан гэж үзэж болохоор байгаа. Шүүхийн шийдвэр нь ч гарсан. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авна. Үүний дараа ярилцаж байгаад цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ.

Оюутолгой ХХК–ийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт:

Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүний хувьд ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу Эрдэнэс Монгол компаниас удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашгаар авахаар байгаа. Тиймээс гэрээнд заасан өгөөжөөс гадна Монголын талын өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алсдаа нэмүү өртөг шингээх төслүүдийг яамтай хамтран хийж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд бид анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Би УИХ-ын хэд хэдэн гишүүнтэй Оюутолгойд очиж ил, далд хоёр уурхайг  хоёуланг нь үзсэн. Тэнд усыг замбараагүй хэрэглэдэг. Говийн газрын доорх усан дээр бид бодлоготой хандах хэрэгтэй. Энэ ус бол газрын доорх баялаг шиг дахин сэргээгдэхгүй ус. Гэтэл хүмүүсийн унданд хэрэглэдэг усыг ззамбараагүй хэрэглэдэг. Одоо тэнд цөлжилт явагдаж байгаа. очоод  харахад мэдэгдэнэ. Оюутолгойн ойр орчим гандсан байгаа. Усны хэрэглээ дээр ямар бодлого барьж байна вэ гэсэн. "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт: 

-Оюутолгой компани 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Цаашдаа гадаргуугийн усыг ашиглахад бэлэн байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Гадаадын үндэстэн дамнасан том компаниуд жижиг орныг, дээр нь улстөрчид нь ашиг сонирхлын зөрчилтэй ийм улсуудын урьд нь ороод хөтөлчихдөг юм билээ. Гар хөлүүд нь хуульд эвтэйхэн шургуулчихдаг. Яаж одоо урьд гарах уу гэдгийг ярих ёстой. Баялгийнхаа эзэн болоход юунаас нь айгаад байдаг юм бэ. Хайгуулын зардалд 150 сая ам.доллар тохиорсныг нь 750 сая ам.доллар болгоод биччихсэн байх жишээний. Далд уурхайн бүтээн байгуулалтад дахин хөрөнгө шаардлагатай болсон.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан. Явцдаа байгуулсан нийт есөн гэрээнээс хоёр нь мөнгө зээлсэн гэрээ. Хамгийн сүүлд Дубайн гэрээг аваад үзэхэд Монгол Улс 2041 он гэхэд үлдэж байгаа 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Хувьцааны санхүүжилт, зээлийн санхүүжилт гэж хоёр зүйл бий. Хувьцааны санхүүжилтэд дандаа зээлээр хийгдсэн байдаг. Дэлхийн 15 том банкнаас зээл авсан. Засгийн газар айлын талтай сайн ярилцах ёстой. Баталгааны шимтгэл авч байгаа нь мөн асуудал. Монголын талын төлөх өр лайбертайгаа нийлээд 9.2 хувийн хүүтэй төлөх өр нь өссөөр байгаа. ТЭЗҮ таван жил тутамд шинэчлэгдэх учиртай. Жилд 5500 тонн зэс гаргана гэвэл үндсэндээ 70 жилийн нөөц байна гэсэн үг. Энэ нөөц өсөх магадлал өндөр бий. Жилд 20 тонн алт гаргана гэвэл 2015 оны ТЭЗҮ-ээр 1100 тонн гэж үзэхээр 55 жил ашиглах нөөц байна. Мөн нэмэгдэх магадлалтай. Ирэх 2020 онд ТЭЗҮ-г шинэчлэх үүргийг Засгийн газарт өгч байгаа. Дубайн гэрээнд зургаан тэрбум ам.долларыг босгоно гэж заачихсан. Үүнээс 4.3 орчим тэрбум ам.доллар зарцуулагдсан гэсэн мэдээлэл бий.

"Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт: 

-Анхны ил уурхайн бүтээн байгуулалт дээр ТЭЗҮ-р орсон зардал нь 1 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Таны анх хэлсэн өссөн дүн гэж байгааг нарийвчлан тодруулаад танд бичгээр хүргэе гэсэн юм