Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөрийг Ерөнхий консулаар томиллоо

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Тэгвэл Ерөнхий сайд орон нутагт ажиллах болсонтой холбоотойгоор Засгийн газрын ээлжит бусаар хуралдаан  өнөөдөр /2019.11.19/ хуралдаж байна.

Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Ноот бичиг батлах тухай гээд нийт 15 асуудал хэлэлцэнэ. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суух Ерөнхий консулыг томилжээ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Ч.Ганболд, Хонконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайхан нарыг томилжээ. 

Ч.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах бол Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар томилогдсон Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  нөхөр юм байна. Г.Жаргалсайхан  нь  Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.