Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр болсон. Эрх баригчид үүнийг тайлбарлахдаа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онд үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан.Тиймээс энэ нэмэгдлийн гуравдугаар үе 2020 оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжинэ хэмээн мэдээлж байгаа.
Харин үүнийг олон нийт тэр дундаа ажил олгогчид эсэргүүцэж, дарамт болно. Цаашлаад арай ядан хөл дээрээ тогтож байгаа аж ахуй нэгжүүд дампуурна хэмээж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал дээр хориг тавихаар бэлтгэж байгаа аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлтгэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" гэсэн юм.