Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 100 хувийн саналаар баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.14/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Хуралдааны эхэнд хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан бөгөөд санал хураасан ч гишүүдийн олонх дэмжээгүй. Тиймээс  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж зарчмын зөрүүтэй саналууд болон АН-ын зүгээс оруулсан саналыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн явцад АН-ын зүгээс санал болгосон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг  унагасан. Иймээс АН-ынхан хурлыг орхин гарсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зөвшилцсөн хэлбэр нь хууль зөрчсөн. Нийт ард түмнээр, УИХ-д суудалтай намтай зөвшилцөх болохоос намууд зөвшилцөл хийхгүй. Хэрэв зөвшилцөхөөр бол нэг нам бус 35 намтай зөвшилцөх байсан шүү. Зөвшилцөхдөө ард түмний эсрэг зөвшилцсөнд их харамсч байна. Намд зориулсан Засгийн газар байгуулах зөвшилцөл хийсэн" гээд мөн хурлыг орхин гарсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Уг хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан. Одоо Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм.