АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ

АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.

Оны эхний 10 сард 326 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 7 албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 3 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 7570 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 26 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.