ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр эх орондоо иржээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус улсын хуулийн байгууллагад саатуулагдсан.

Энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын талаас түүнд арав хоногийн хилийн хориг тавьсан төдийгүй Д.Одбаяр нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх үеэрээ “Тухайн үед согтуу байсан тул юу болсныг санахгүй байна” хэмээн мэдүүлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Мөн түүнийг  "Гадаадын иргэн, өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзсэнээр бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болсон. Түүнд холбогдох хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзнэ. Түүний холбогдсон хэрэг эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учраас 10 сая хүртлэх воннын торгууль төлснөөр хилийн хоригоо цуцлуулах боломжтой" гэж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр 15.45 цагт   “Korean air” авиа компанийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан гэх мэдээлэл байна. Ингэхдээ VIP-ээр дамжиж гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.