ҮХЦ-ийн даргыг тус улсын хилээр гарахыг хоригложээ

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газраас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д. Одбаяраас 11 цаг орчим байцаалт авчээ.

Байцаалт шөнийн 01.00 цагийн орчимд өндөрлөсөн бөгөөд түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглож, үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Солонгосын хэвлэлийнхний мэдээлж буйгаар тэрбээр эхэндээ өөрийгөө буруугүй гэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлжээ. 

Анх Д.Одбаярыг Инчеоны нисэх буудлын цагдаа нарт саатуулахад тэрбээр дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд суллагдсан байдаг. Харин дараа нь тус улсын Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүй гэсэн бол Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй гэдэг байр суурьтай байгаа юм

Түүнчлэн байцаалт дуусаад гарч ирэх үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг асуусан ч хариулаагүй  нь бичлэгт үлджээ. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх байгийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтныг “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэдээллүүд ч гараад байна.