АШУҮИС-ийн захирлыг томилъё, Ё.Баатарбилэг сайд аа!

2018 оны долоодугаар сарын 09-нд АШУҮИС-ийн захирлын албан тушаалыг хашиж байсан Г.Батбаатарыг ээлжийн амралттай, эмнэлэгт эмчлүүлж байхад нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалд Г.Батбаатарыг 2017 оны Үндэсний аудитын газраас гаргасан 02287 тоот албан шаардлагыг үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зүйл заалтаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэжэээ. Харин Г.Батбаатар үүнийг эсэргүүцэн шүүхэд хандсан байдаг. 

Ингэхдээ Г.Батбаатар дээрх тушаалтай санал нийлэхгүй байгаагаа тодотгож, “2017 оны их сургуулийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь бүхэлдээ зөрчилгүй гэх стандарт, дүгнэлт гарсан. Сахилгын зөрчил гаргах гэхээсээ илүүтэй 2015-2017 оны хооронд Боловсролын сайдтай байгуулсан гэрээний биелэлт маш сайн хэмээн үнэлгээ авч байсан” гэдгийг  онцолсон байдаг. Мөн шүүхэд холбогдох баримтуудаа гаргаж өгсөнөөр 2018 оны аравдугаар сард анхан шатны шүүхээс "Г.Батбаатарыг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн" гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхээс 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг баталгаажуулан 2352 дугаар магадлал гаргасан бол 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Улсын Дээд шүүхээс дээрх шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн  байдаг. Товчхондоо гурван ч шатны шүүхээс Г.Батбаатар ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул ажилд нь эгүүлэн томил. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олго" гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч шүүхийн энэ шийдвэр өнөөдриийг хүртэл биелсэнгүй. 

Уг нь Монгол Улсад шүүхийн шийдвэрийн хэрэгждэг байсан бол Г.Батбаатар захирал дгөө ажилдаа орчихсон, үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь ажлаа өгчихсөн байх ёстой. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нь өнөөдрийг хүртэл албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй сандал ширээтэйгээ зууралдсаар байгаа юм.

Иймээс иргэн Г.Батбаатарын өмгөөлөгч Д.Наранбулаг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Сайдад хандаж, дээрх асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ. Хүсэлтийнх нь дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас хүссэн албан тоот цохож өгч.

Харамсалтай нь, энэхүү албан тоотыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхүй байгаа бөгөөд үндэслэлгүй ажлаасаа халагдсан Г.Батбаатарын эрх зөрчигдөж, Ж.Цолмон нь ажлаа хүлээлгэн өгөх дургүй байгааг Д.Наранбулаг өмгөөлөгч хэлж байна. Уг нь төрийн ажил хуулийн дагуу явах учиртай. Хэрвээ хэн нэгэн албан  тушаалтан хууль бус үйлдэл гаргаж, түүнийг нь гурван шатны шүүх нотолчихсон бол хэн ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртай. Харамсалтай нь өнөөдөр энэ бүхэн эсэргээрэй эргэж нам дагасан зарим нь хууль зөрчин сандал ширээтэйгээ зууралдсаар байна. Хамгийн ноцтой нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн шүүхийн эл шийдвэрийг үл тоож, хууль бус үйлдлийн талд зогссоор байгаа юм. Иймээс Ё.Баатарбилэг сайд аа! та үнэхээр л шударга ёсны талд зогсдог гэх У.Хүрэлсүхийн танхимд багтдаг юм бол шүүхийн шийдвэрийг биелүүл. Салбартаа шударга ёсыг тогтоож АШУҮИС-ийн хууль ёсны захирлыг эгүүлэнн томил гэх байна.