Саатуулагдсан 800 орчим хятад иргэнийг өнөөдөр албадан гаргана

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрынхан өнгөрсөн сарын 29-ний өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсан. Дээрх иргэдийг Монголын гурван буудлаас саатуулан баривчилсан бөгөөд энэ үеэр монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан гэдгийг албаныхан онцолж байсан.

Мөн дээрх иргэдийн толгойлогч болох дөрвөн хятад хоёр монгол иргэнийг саатуулсан тухай хуулийнхан мэдээлсэн юм. 

Тэгвэл эдгээр иргэдийг өнөөдөр Монгол Улсаас гаргахаар болжээ. Ингэхдээ тусгай галт тэргээр албадан гаргах юм байна. 

Дашрамд мэдээлэхэд Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллагынхан өнгөрсөн сарын 29-нд яг энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд оролцож мэдээлэл өгсөн. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Гэрэл "БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Одоо хэргийг шалгаж байна. Мөн хураасан хардуудыг үзнэ. Үүн дээр манай IT баг ажиллаж байгаа. Түүнчлэн БНХАУ-ын  зохион байгуулж байсан хүмүүсийг саатуулсан. Байцаалт авч байгаа. Эдгээр хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байсан" гэсэн юм.