НИЙСЛЭЛ-380: Хүндэтгэлийн чуулганаар Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан “Нийслэл хот маань өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх түүхийн гурвалсан холбоог эрчлэн зангидаж цаг хугацааг өртөөлөн өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшлийг өрнүүлсээр 380 жилийнхээ босгыг алхаж буйраа дугуйлж байна. Сүүлийн гуч гаруй жилд бидэнд алдаж оносон зүйл цөөнгүй ээ. Цаашид хүчээ нэгтгэн хамтдаа нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө шийдэл гарцыг олж, урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт хамтран ажиллаж байгаа та бүгдэд нийт нийслэлийнхээ иргэд, оршин суугчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн баяр хүргэлээ.

Хүндэтгэлийн чуулганд Улаанбаатар хотын захирагчаар, НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн хотын удирдлагууд уригдан оролцсон юм. Мөн нийслэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Л.Лантуу, С.Амархүү, Ж.Ядамсүрэн, Ц.Баасанжав, Т.Билэгт, Ц.Батбаяр, Н.Болормаа болон олон улсын байгууллагын хүндэт зочдыг Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагнасан юм.

Хүндэтгэлийн чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1992-1996 онд ажиллаж байсан Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г НИТХ-ын дарга Р.Дагва гардуулж баяр хүргэлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс