ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

Улсын Их Хурлын УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцов. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, УИХ-аас жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрх зүйн таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд чармайлт гарган ажиллаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд энэ хуулийн үр өгөөж их бий. Мөн Татварын багц хууль батлагдсан.  Салбар хамаарахгүйгээр 1 хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10-р сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулж байх санал гаргав. Мөн тэрбээр оролцогчдын зарим асуултад өгсөн хариултдаа, Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны нээлттэй сонсгол хийх чиглэл өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 11-р сарын 15-аас хойш хэлэлцэж эхлэх бөгөөд эдгээр хуулиудад саналаа нэгтгэж өгөхийг хүсээд хэлэлцүүлэгт гарсан санал зөвлөмжөө нэгтгэж өгөх нь УИХ-аас гарах бусад шийдвэрт чухал шаардлагатай болохыг онцоллоо. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай буйгаа хэлэлцүүлэгт  оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байв.  Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн, ихэнх нь төрийн алба, эсвэл гадаад улсад  гарч ажиллах сонирхолтой, бас 700 мянгаас нэг сая төгрөгийн цалинтай ажлын байранд залуучууд ажиллахгүй байна. Төрөөс МСҮТ-үүдэд суралцагчдыг дэмжин тэтгэмж өгч байгаа ч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагчидтай төгсөөд ажиллах нөхцөлийн талаар гэрээ хийх, зөвхөн төрийн алба биш ажилчдын эгнээгээ мөн дэмжих хэрэгтэй байгааг хэллээ.  2019.10.21. http://www.parliament.mn/n/4zjo

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж, хэлсэн үгэндээ “Нийгмийн амьдралын хэв маяг, шинж чанар аажмаар бидэнд анзаарагдахгүйгээр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь улс орон, нийгмийн хувьд асар том өөрчлөлтийг авчирч байна. Үүнийг системийн онолоор бол  “еmergent” шинж чанар гэж тодорхойлдог. Аливаа системийн элемент тус бүрд байдаггүй онцгой шинж чанар бүхэл бүтэн системд байдаг. Энэ шинж чанар бол элементүүдийн механик нэгдлийн үр дүнд бий болдоггүй, харин ухаалаг нэгдэл урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг байна. Иймд дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам нь бид нэгдэж ажиллах явдал юм” гэдгийг онцлов. Мөн тэрбээр эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг дурдлаа.

Мөн УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэхдээ, манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал”, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. Салбарын сайд илтгэлдээ, их дээд сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцолсон. Харин авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацийн төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын үүднээс Судалгааны их сургууль байгуулах шаардлагатайг УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч илтгэлдээ цохон дурдлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид их, дээд сургуулиуд мөнгө олдог хэрэгсэл болж байгаад харамсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг шинэчлэх цаг нь болсон тул сургуулийг чадваржуулах, нэгтгэх, шинээр байгуулах шаардлагатай зэргээр санал, байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн төрийн өмчийн 8 их, дээд сургуулийг нэгтгэн “Судалгааны их сургууль” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийллээ. 2019.10.22.  http://www.parliament.mn/n/5zjo

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын хэрэгжилттэй холбогдуулан парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй уулзалт хийв.  

Уулзалтын эхэнд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар УИХ-ын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 145 тоот захирамжаар батлагдсан УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын хэрэгжилтийн талаар танилцуулж, санал бодлоо илэрхийлэв.  Парламентын үйл ажиллагааг сурвалжлах ажилтныхаа ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг харгалзан тухайн хэвлэл, мэдээллийн байгууллага нь сурвалжлах эрхийн үнэмлэх авах хүсэлтээ ирүүлдэг бөгөөд ирүүлсэн саналыг харгалзан УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрх олгодгийг тэрбээр дурдаад өнөөдрийн байдлаар 170 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчинд сурвалжлах эрхийн үнэмлэх олгоод байна. Эдгээрээс 40-60 сэтгүүлч нь өдөр тутам Төрийн ордонд нэвтэрч, үйл ажиллагаа явуулдаг гэдгийг  хэллээ. 

Мөн УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн ордны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, сэтгүүлчийн баримтлах ёс зүй, хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатайг тэмдэглэээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Энэхүү уулзалтаар ажил үүргээ гүйцэтгэхдээ аль аль талдаа хүндэтгэлтэй хандаж, үүссэн асуудлыг шийдвэрлэх, холбогдох журам, дүрмийг баримталж ажиллах, журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлах талаар ярилцаж, санал солилцсон юм. 2019.10.22.  http://www.parliament.mn/n/5mjo

Хууль зүйн байнгын хорооны эхлээд Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжив.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлнэ”, УИХ-ын 2017 оны “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтад Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус заасны дагуу төслийг боловсруулж өргөн мэдүүлжээ.

Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комисс үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байхаар төсөлд тусгажээ. Мөн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж, батлуулах процедурыг тодорхой болгохоор зохицуулжээ. Түүнчлэн комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бэлтгэх, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулах, тайлагнах, хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгохоор тусгасан байна.

Дараа нь Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль  нь 1993 онд батлагдсанаас  хойш  нийт 13 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна өнөөдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 6 бүлэг 12 зүйлтэй юм. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл бармтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 8 бүлэг, 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.

Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүний санаачлан боловсруулж өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулга хийсэн юм. 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг  чангатгах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн уг хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч буй хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлаар нэмэлт оруулахаар тусгажээ. 2019.10.22. http://www.parliament.mn/n/5xjo

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1996 онд баталсан. Өнгөрсөн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэнтэй холбогдуулан нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа танилцуулга хийсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг тус Байнгын хороо энэ оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд тайлангуудыг Байнгын хорооны хуралдаанд бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг юуны өмнө Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд сангуудын чөлөөт мөнгөн хөрөнгийг үлдэгдлийн харилцах, хадгаламжийн зохистой харьцааг хангаж, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж буйг шалгаж танилцсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүү, Төвбанкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү, арилжааны банк хоорондын захын хүү, банкуудын нийтэд зарласан байгууллагын хугацаатай хадгаламжийн хүү болон Монголбанкны саналыг үндэслэн тогтоож иржээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь тус сангийн чөлөөт үлдэгдлийг банкуудад хадгаламж хэлбэрээр 2018 оны 1-8 дугаар сар хүртэлх хугацаанд 9-15.4 хувийн хүүтэй хадгалуулжээ. Өнгөрсөн онд тус сангийн 29.5 тэрбум төгрөгийг арилжааны 9 банканд жилийн 9 хувийн хүүтэй байршуулж, нийтдээ 42,077.8 сая төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэйгээр иргэдэд олгосон агаад оны эцсийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 10,581.4 сая төгрөг болсон байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн онд 496 тэрбум төгрөгийг арилжааны 7 банканд 3-12 сарын хугацаатайгаар жилийн 11-14.8 хувийн хүүтэй байршуулж иржээ. Сангийн үндэсний зөвлөл нь сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахдаа чөлөөт өрсөлдөөний зарчмыг ханган мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эхлэх тусгай зөвшөөрөлтэй арилжааны бүх банкаас хадгалах мөнгөн дүн, хүүгийн хэмжээний санал авсны үндсэн дээр гэрээ байгуулан хамтран ажилладаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдсанаар 2018 оны төсвийн тухай хуулиар хүлээсэн 33.3 тэрбум төгрөгийн орлогыг 8.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж нийт 47.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бүрдүүлжээ. Гэхдээ Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд нь даатгуулагчдын хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, үр өгөөжтэй байлгах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн ахлагч санал, дүгнэлтдээ дурдаж байв.

Ажлын хэсгээс үндэсний зөвлөлүүдийн 2018 оны төсөв, төсвийн зарцуулалтын байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ үндсэн дээр Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санаачилсныг дэмжив. 2019.19.22.  http://www.parliament.mn/n/hdjo

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар тогтов. Мөн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. “Ард нийтийн санал асуулга явуулах, Моннгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов. Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна. 2019.10.23.  http://www.parliament.mn/n/hxjo

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төсөл санаачлагчийн илтгэлдээ, эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгааг макро эдийн засгийн олон тоон үзүүлэлтээс харж болохыг тэмдэглэв. Мөн инфляци зорилтот түвшний орчинд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байгааг дурдсан. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулжээ. 2019 оны 09 дүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрчээ. Валютын нөөц нэмэгдэж, импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой гэдгийг тэрбээр хэлж байв.

Гадаад өрийн эргэн төлөлт, “саарал жагсаалт” гэх зэрэг сорилтууд нэлээд тулгарч байгаа энэ үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, сорилтуудыг давж гарах чиглэлээр шинээр эхлүүлэх болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлэх шаардлага манай улсын өмнө тулгарч байна. Энэ үндсэн дээр Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтынхоо хүрээнд үнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэлээр хийх ажлууд, тэдгээрийн үндэслэл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн байна. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаад өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоог сайжруулах, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж, валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны салбарын эрсдэл даах, засаглалыг сайжруулах санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгасан байна. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Энэхүү хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Тиймээс Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хороо дэмжив. Үргэлжлүүлэн  Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгож батлав. 2019.10.23. http://www.parliament.mn/n/hujo

 

Өргөдлийн байнгын хорооноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоны 168 айл өрхийн 670 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Байнгын хороо болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын нэр дээр иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хоёр дахь удаагаа энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж буй аж.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлгээр “Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, хугацаанд нь биелүүлэхийг үүрэг болгов. 2013 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад суулгасан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгөөр тус хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч инженерийн шугам сүлжээний ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсноор хотхоны иргэд хохирч, асуудал шийдэгдэхгүй удаж байгаа аж. 2019.10.23.  http://www.parliament.mn/n/79jo

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон  APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнг хөндөж ярилцав. Мөн дээрх асуудлууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, мэргэжлийн холбоодоос Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцуулах талаар УИХ-ын даргын нэр дээр хоёр ч удаа ирүүлсэн гомдол, гомдлын мөрөөр ажилласан УИХ-ын Ажлын хэсгийн шалгалт, зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байдал зэрэг асуудлын талаар асууж тодруулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Энэ шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай өнөөдөр уулзахдаа ч тавьсан. Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зэх зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдэгдэв.  2019.10.23. http://www.parliament.mn/n/6mjo

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.  Дараа нь Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд энэ оны 06 дугаар сард Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газраас Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт дээрхтэй агуулга, үзэл баримтлалын хувьд төстэй хуулийн төслийг бас өргөн мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 10 дугаар сарын 01-ний өдөр Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. 

Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь 3 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийх үед 1997 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө буюу нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарсан, одоо тэтгэврийн хэмжээ нь улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа иргэдээс санал гарсныг харгалзан хуулийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөл (4 төрөл)-өөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг төсөл санаачлагч гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авч байгаа 21.2 мянган иргэн байгаа агаад тэдний 80.2 хувь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр (374,8 мян.төг)-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа аж. Хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд зориулан 2020 онд 12.7 тэрбум төгрөг шаардагдана, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжив. Түүнчлэн  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар танилцуулав. 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг  чангатгах шаардлагатай. Түүнчлэн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч буй хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилж өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлаар нэмэлт оруулахаар тусгасныг дэмжлээ. 2019.10.24.    http://www.parliament.mn/n/9djo

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  нийт 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүн, энэ оны эхний 8 сарын эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн нөлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадавх нэмэгдэж байгааг харгалзан 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцсоныг Сангийн сайд илтгэлдээ онцлов. Иймээс үүссэн нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсоныг Байнгын хороо дэмжив.

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд илтгэлдээ онцлоод энэ хүрээнд зарим хуульд зохих зохицуулалт оруулахаар боловсруулсан тухайгаа танилцуулав. Тухайлбал, газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Мөн Ирээдүйн өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ. Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгох, мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Дараа нь Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөв. 2019.10.24. http://www.parliament.mn/n/95jo

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар эхлээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн асуудлаар санал хураалт явуулж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль  нь 1993 онд батлагдсанаас  хойш  нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад холбогдох өөрчлөлт оруулсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. 

2018 оны байдлаар Монгол Улсын 175687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч бодит байдал дээр нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байдаг байна. Учир нь иргэд сайн дураар бүртгүүлдэггүй, албадах ямар ч боломж байхгүй тул хилийн чанадад байгаа тухайн Дипломат төлөөлөгчийн газарт ирж ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авсан иргэдийн тоон  дээр  суурилдаг. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар  байхгүй улсад  оршин суугаа, зорчиж байгаа иргэдийн мэдээлэл байдаггүй. Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох,  бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа залуусаа дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, Дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын бүх иргэнд жигд хүртээмжтэй хамруулахад санаачлагатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ. 

Үргэлжлүүлэн Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар танилцуулав. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг энэхүү хуулийн төсөлд анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулжээ. Албан хэрэг хөтлөлтийг хуульчлан журамласнаар энэхүү үйл ажиллагаа боловсронгуй болж, баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Хуулийн төсөл нь найман бүлэг, 50 зүйлтэй юм.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Гэвч Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүн, энэ оны эхний найман сарын эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн нөлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадавх нэмэгдэж байгааг харгалзан 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Түүнчлэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн санхүүжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардлыг үнэ тарифын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, 2018 оны төсөвт батлагдаж хэрэгжиж эхэлсэн боловч санхүүжилтээ бүрэн аваагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг олгох зэрэг арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өөрчлөх шаардлага үүсжээ. Иймээс үүссэн нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсоныг Сангийн сайд танилцуулсан юм. Уг хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд илтгэлдээ онцлоод энэ хүрээнд зарим хуульд зохих зохицуулалт оруулахаар боловсруулсан тухайгаа танилцуулав. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг, хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан газрын бүртгэлийг ил тод болгох, цахимжуулах, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг хялбарчлах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ. Иймээс газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломж олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Энэ үндсэн дээр газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Мөн Ирээдүйн өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ. Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь 2006 онд батлагдсанаас хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн агуулга, зорилго нь алдагдаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, төсвийн сахилга батыг алдагдуулахад хүргээд байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сангийн яам тусгай сангуудад газар дээр нь санхүүгийн хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал илрүүлснийг онцлов. Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,  хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. 2019.10.24.  http://www.parliament.mn/n/ymky

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолын дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Уг хуулийн төсөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны санхүүжилтийн нийт төсөвт өртөг 57.8 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2.8 тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал энд яригдаж байгаа. Үйлдвэрийн дэд бүтэц, ажилчдын орон сууцны асуудлыг Монгол Улс хариуцахаар гэрээнд тусгагдсан. Хуулийн төсөл батлагдсанаар хотхоны нийт хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 5 хувь хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Дараа нь Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ””, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заажээ. Энэ үндсэн дээр Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ онцолж байв. 

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан юм.

Улс орны эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляци зорилтот түвшний орчинд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулж байгаа. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Мөн валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч илтгэлдээ онцоллоо.

Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 6 дугаар сард улсын хэмжээнд 8.1 хувьтай гарсан. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан мах, хатуу түлшний үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байгаа гэдгийг тэрбээр мөн дурдав.

Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын тодорхой үр дүн юм. Эдийн засгийн идэвхжлийн үр өгөөж зарим салбарт тодорхой ажиглагдаж байна. Тухайлбал, өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш агшсаар байсан бол сүүлийн 10 улирал дараалан өслөө. Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл таатай болоход бодит нөлөө үзүүлж байна. Энэ оны 8 сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байна гэдгийг тодотгов.

Энэ мэтээр эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч хүрсэн өндөр өсөлт, үр дүнг цаашид тогтвортой хадгалж, баталгаажуулах, иргэдийн амьжиргаанд наалдацтай болгох нь чухал байна. Иймд Төв банк макро эдийн засаг дахь эерэг үр дүнг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зохицуулалтын реформуудыг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлууд тусгагдсан. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл 2020 онд тавигдана. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам болох юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцлов. 

Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Иймээс ирэх онд мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахаар тусгажээ. Энэ үндсэн дээр банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох шинжилгээний аргачлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах зорилгоор Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, Банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2019.10.25. http://www.parliament.mn/n/yuky

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар танилцуулав. 

Монгол Улсад бүртгэлтэй мэргэжлийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулдаг. Тус хууль 1997 онд батлагдсанаас хойш 6 удаа өөрчлөлт орсон бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлага үүссэн байна. Иймд хууль санаачлагч Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилжээ.

Хуулийн төсөлд Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа  явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулах. Монгол Улсад тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо нэг ажиллахаар зохицуулжээ. Мэргэжлийн нэгдсэн холбоонд элсэх хувь хүн нь тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан, магистраас дээш боловсролын зэрэгтэй, эрдэмтэн судлаач байх шалгуурыг хангасан байх. Аж ахуйн нэгжийн хувьд тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөө хуулийн этгээд байхаар тусгажээ. Энэ төслөөр төрийн байгууллагууд 12 төрлийн чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоотой хамтран хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. Гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан,  түүнчлэн НҮБ-ын 54 дүгээр ерөнхий чуулганаас тогтоол баталж “Дэлхийн хамгийн эртний шашин болох бурхны шашны 2500 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюун сэтгэлийн хөгжилд оруулсаар буй хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг харгалзан Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон” зэргийг үндэслэн зуны тэргүүн сарын шиний 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төслийг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, мөн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Хуралдааны эцэст “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 2019.10.25.  http://www.parliament.mn/n/y5ky

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс