23 насны чөлөөт бөхийн шигшээ баг маргааш Будапештийг зорино

Бөхийн төрлүүдийн 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Манай улсаас “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий медальт Э.Тэмүүлэн, Э.Дэлгэрмаа, Н.Анударь, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар, Б.Хонгорзул, 23 хүртэлх насны Азийн аварга Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд түрүүч нь маргааш Унгарын нийслэлийг зорино. Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Б.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн багш ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллах юм. Монголын бөхчүүдээс “U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ А.Батцэцэг 2017 онд мөнгө, ОУХМ Э.Гантуяа 2017, 2018, ОУХМ Г.Отгонжаргал 2017, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Г.Ганхуяг, ОУХМ Ц.Намуунцэцэг 2018 онд хүрэл медаль хүртэж байв.

БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ МАНАЙ БӨХЧҮҮД:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар (Хилчин) 61 кг: Цэрмаагийн Чинзориг (Хангай хүчтэн) 65 кг: Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс) 86 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 92 кг: Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс) 97 кг: Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор) 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга)

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 53 кг: Нандинцэцэгийн Анударь (Хилчин) 55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко) 57 кг: Болдсайханы Хонгорзул (Баянхонгор) 59 кг: Пүрэвийн Отгонбаяр (Женко) 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор) 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар) 76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)

Спортын сэтгүүлч Б.Бат