Ц.Цогтбаатар, Тажикстаны бөхөөс

“Абу Даби-2019” IJF-ийн Гран Слам тэмцээний эхний өдрийн жин тус бүрт өөр орны тамирчид түрүүллээ. Тэмцээний -48 кг-ын жинд манай гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг оролцоогүй нь Украйны залуу од Дария Белодидэд торолгүй түрүүлэх сайхан боломж олголоо. Украйны гоо бүсгүй энэ удаад хагас шигшээд ОХУ-ын Сабина Жилиазоватай цаг дуустал барилдсан бол бусдыг нь бүгдийг нь “дутуу” гаргасан байна. Харин -52 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын финал дахин давтагдаж, Косовогийн амьд домог Майлинда Келменди ялалт байгууллаа. Тэрбээр аваргын төлөө Италийн Одетте Жиуффридад хоёр торгуулиар ялагдаж байсан ч торгуулийн харьцааг тэнцүүлэн нэмэлт цагт өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан ялалт байгуулсан. Энэ жинд хүрэл медалийг манай гавьяат тамирчин М.Уранцэцэгийг өрсөлдөөнөөс хассан Их Британы Челси Жайлс болон БНСУ-ын Пак Да-Сол нар хүртсэн байна. Харин -57 кг-ын жинд манай хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяаг Жакартагийн Азийн наадамд ялж, олны танил болсон БНАСАУ-ын Ким Жин-А түрүүлж, “Токио-2020” олимпод оролцох боломжоо ахиуллаа. Энэ жинд мөнгөн медалийг багийн дэлхийн аваргад Цүкаса Ёшидаг гайхамшигтай “савсан” Францын залуу од Сара Леони Сисикү хүртсэн бол БНСУ-ын Ким Жан-Ди, ОХУ-ын Диана Жигарос нар Гранд Слам ангилалаас анхны хүрэл медалиа хүртлээ. -60 кг-д Казахстаны Гусман Кыргызбаев Францын Валид Кайрыг ялж анхны “Их дуулга”-ын түрүүгээ хүртсэн бол Осака Гранд Сламын мөнгөн медальт ОХУ-ын Яго Абулазе олимпийн мөнгө, дэлхийн аварга Елдос Сметовыг сөхрүүлж, хүрэл медаль хүртсэн бол түүнтэй хамт олимп, дэлхийн медальт Узбекистаны Диёрбек Урозбоев энэ онд хоёр дахиа шагналын тавцанд гарлаа. Харин -66 кг-д тэмцээний гол фаворит Италийн Мануэль Ломбардо жин өгсөж барилдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Орхан Сафаровыг ялж, анхны Гранд Сламдаа түрүүлсэн бол олимпийн мөнгө, дэлхийн аварга Ан Бауль, Кубын Орландо Поланко нар хүрэл медаль хүртлээ. Энэ оны Пан америкийн АШТ-ий хүрэл медальтай Орландо Поланко “Токио-2019” ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Лим-Хван, тэмцээний чансааг тэргүүлэгч Гүржийн Важа Маргвелашвили, Испаний Альберто Гейтеро Мартин болон манай ОУХМ Г.Хэрлэн нарыг ялж анхны “Их дуулга”-ын медалиа хүртжээ.

Маргааш Абу Дабигийн Гранд Сламын хоёр дахь өдөр манай таван жүдоч хүч үзэх бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

-63 кг:

Нийт 34 жүдоч хүч үзэх энэ жинд Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч өрсөлдөх бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа энэ оны Африк тивиийн аварга Алжирын Амина Белкадитай учраа таарчээ. Улмаар энэ бөхийг ялбал шилдэг наймд шалгархын төлөө Германы Наджа Базынски болон энэ оны Европын наадмын хүрэл, Тель Авивийн Гран Пригийн аварга Италийн Мария Чентраччио нарын ялсантай хүч үзнэ. Түүний багтсан D хэсгийн Кубын Майлин Дель Торо Карвахаль тэргүүлэн барилдана.

-70 кг:

Эмэгтэйчүүдийн хамгийн олон оролцогчтой буюу 39 тамирчин өрсөлдөх энэ жинд бөхийн олон төрлөөр эх орноо төлөөлж буй ОУХМ Цог-Очирын Батцэцэг хүч үзнэ. Манай тамирчин эхний тойрогтоо энэ оны Дюссельдорфын Гранд Сламын мөнгөн медальт Германы Мириам Буткерейттэй өрсөлдөх бөгөөд ялбал “Токио-2019” ДАШТ-ий хүрэл медальт Францын Махги Пинотой учраа таарна. Улмаар ялсан тохиолдолд Грек, БНАСАУ-ын бөхчүүдийн ялсантай шилдэг наймд үлдхийн төлөө хүч үзэхээр сугалаа таарчээ.

-73 кг:

Нийт 58 жүдоч энэ жинд хүч үзэхээр сугалаанд оролцсон бөгөөд манай хоёр шилдэг тамирчин зодоглоно. Тухайлбал 2019 оны Азийн аварга ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар эхний тойрогтоо “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Тажикстаны Бехрузи Хожазодатай учраа таарсан. Тэд ДАШТ-ий эхний тойрогт мөн учраа таарахад Тажик залуу манай бөхийг ялж, шүүмжлэгчдийн бай болгосон билээ. Энэ удаад тэд ахин эхний тойрогт өрсөлдөхөөр болж, манай тамирчинд “даага нэхэх” боломж гарч ирлээ. Хэрвээ манай бөх ялж чадвал энэ оны Тель Авивийн Гран Пригиийн аварга Беларусийн Вадзим Шока, Африкийн дэд аварга Египтийн Мохамед Мохелдин нарын ялсантай хүч үзнэ. Улмаар ялбал шилдэг наймд үлдхийн төлөө Израйлын Тохар Бутбултай барилдах магадлал өндөртэй.

Харин ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр D хэсгийг Косовогийн Акил Гжаковатай тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөжээ. Улаар хоёрдугаар тойрогтоо Кыргыстаны Ишен Аманов болон Мексикийн Жильберто Кардосо нарын ялагчтай хүч үзэх бол дараа нь ДАШТ-д учраа таарч ялагдал хүлээсэн 2018 оны залуучуудын дэлхийн аварга Билал Силоглутай таарах магадлал өндөр байна. Хэрвээ энэ удаад “даага нэхэж” чадвал шилдэг наймд үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм.

81 кг:

Эрэгтэйчүүдээс хамгийн олон буюу 59 оролцогчтой энэ жинд ДАШТ-ий хошой тавдугаар байрын шагналт, Токиогийн “Их дуулга” тэмцээний анхны эрэгтэй аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогтоо -73 кг-ын жинд олон жил зодоглосон АНУ-ын Николас Дельпополотой сугалаа таарчээ. Манай бөх учраагаа ялбал Аргентин, Шведийн бөхчүүдийн ялсантай хүч үзэх бол шилдэн наймд үлдхийн төлөө БНСУ, Молдав, Азербайжан, Беларусийн бөхчүүдийн ялагчтай хүч үзэхээр оноолт таарсан байна. Түүнтэй хамт энэ хэсгийг Германы Доминик Рессель тэргүүлэн барилдах юм.