Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гранд Слам тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай долоон бөх хүч үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “G-Mobile” “Шижирт гүн технопрспектив” компаний тамирчин, “World Masters” тэмцээний аварга ОУХМ Ганболдын Хэрлэн ганцаараа хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

-48 кг:

 Г.Наранцэцэг D хэсэгт эхний тойрогтоо Туркийн Гулкадер Сентюрктэй учраа таарч нэмэлт цагт торгуулиар яллаа. Улмаар хоёрдугаар тойрогтоо “Токио-2019” ДАШТ-ий эхний тойрогт учраа таарсан Словений Маруса Стангартай шилдэг наймд шалгархын төлөө хүч үзлээ. Энэ удаад манай жүдоч өрсөлдөгчөө хоёр торгуулиар илүүрхэж явсан ч нэмэлт цагт вазари үнэлгээ алдснаар өрсөлдөөнийг орхилоо. Түүнийг ялсан Словений жүдоч цааш Испаний Жулиа Фигуэроа, Лаура Мартинез Абеленда нарыг дараалан нэмэлт цагт сөхрүүлснээр Дария Белодидтэй аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн байна.

-52 кг:

Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Африк тивийн аваргын гурван хүрэл медальтай Алжирын Файза Айссахинетэй учраа таарч 3:27с минутад этэх мэхээр цэвэр яллаа. Гэвч шилдэг наймд шалгархын төлөө өнгөрсөн оны тус тэмцээний хүрэл медальт Их Британы Челси Жайлестай барилдан вазари үнэлгээгээр ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн байна. Түүнтэй хамт энэ жинд хүч үзсэн ОУХМ Бишрэлтийн Хорлоодой ОХУ-ын Анастасья Поликарповад эхний даваандаа 58 секундэд цэвэр ялагджээ. ОХУ-ын бөх дараагийн даваанууддаа Бельгийн Чарлин Ван Сник, БНСУ-ын Жеон Бо-Кюүнь нарын шилдгүүдийг дараалан нураасан ч Испани, Гүржийн бүсгүйчүүдэд ялагдснаар дөнгөж долдугаар байр эзэллээ.

-60 кг:

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд манай хоёр бөх хүч үзэхэд Армийн спортын наадмаас хүрэл медальт хүртээд байсан ОУХМ Энхтайваны Ариунболд шилдэг наймд шалгарлаа. Тэрбээр “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Монакогийн Янн Сиккардитэй учраа таарч 3:21 минутад цэвэр яллаа. Улмаар шилдэг наймд шалгархын төлөө манай тамирчин энэ онд Загребт мөнгөн медаль хүртээд байсан Их Британий Эшли Макензиг вазари үнэлгээр ялсан байна. Гэвч манай тамирчин хэсгийн аваргын төлөө өнгөрсөн оны Осакагийн Их дуулгын мөнгөн медальт, энэ оны Ташкентийн Гран Пригийн аварга ОХУ-ын Яго Абузазед цэвэр, торгуульд Бразилийн Фелипе Пелимд нэмэлт цагт цэвэр ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.

Харин залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны Екатеринбургийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогтоо Жакартагийн Азийн наадмын тавдугаар байрт БНАСАУ-ын Ан Жэ-Ёныг нэмэлт цагт вазаригаар ялаад ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазед вазари үнэлгээгээр ялагджээ.

-66 кг:

Нийт 50 тамирчин зодоглосон энэ жинд  “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Тажикстаны Ёкубжон Бокиевтай хүч үзсэн. Барилдааны эхэнд манай бөх вазари үнэлгээ алдсан ч 1:56 минутад өрсөлдөгчөө цэвэр яллаа. Улмаар шилдэг найд шалгархын төлөө Украйны алдарт бөх Георгий Зантараяг 3:52 минутад цэвэр ялсан. Харамсалтай нь энэ барилдаанд манай бөх өвдгөндөө гэмтэл авснаар хэсгийн аваргын төлөө Олимпийн мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баультэй өөрийн барилдааныг бүрэн гаргаж чадалгүй торгуулиар ялагдлаа. Улмаар манай бөх торгуульд нутаг нэгт ОУХМ Ганболдын Хэрлэнтэй барилдах байсан ч өмнөх даваандаа хориотой мэх хийсэн гэж торгосноор Г.Хэрлэнд ялалтыг өгчээ.

Дэлхийн “Мастерс” тэмцээний аварга Г.Хэрлэн энэ өдөро “D” хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа ОХУ-ын Якуб Шамиловыг торгуулиар ялсан. Улмаар гуравдугаар тойрогт Австралийн Натан Катзыг мөн торгуулиар ялж, шилдэг наймд шалгарсан байна. Гэвч тэрбээр хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий тавдугаар байрт Италийн Мануэл Ломбардод цэвэр ялагдснаар торгуулийн тойрогт барилдахаар болсон. Торгуульд тэрбээр барилдалгүй ялалт авсан бөгөөд хүрэл медалийн төлөө тэмцээний гол сенсаацын эзэн Кубын Орландо Поланкотой хүч үзнэ. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эхэлнэ.