Абу Дабигийн Гран При эхний өдрийн сугалаа

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гранд Слам тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ удаад Абу Дабид дэлхийн 95 орны 322 эрэгтэй, 231 эмэгтэй нийт 553 жүдоч өрсөлдөхөөр хуран чуулаад байна. Үүнээс ОХУ, Германы багууд хамгийн олон буюу тус бүр 21 тамирчнаа Абу Дабид авчирсан байна. Тэмцээн Улаанбаатарын цагаар пүрэв гаригийн 14:00 цагаас эхлэнэ. Энэ удаад манай улсаас 16 тамирчин оролцох бөгөөд эхний өдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Эхний өдөр манай улсаас -57 кг-аас бусад жинд долоон тамирчин хүч үзэх бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

-48 кг:Энэ жинд нийт 29 жүдоч сугалаанд оролцсон бөгөөд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Г.Наранцэцэг D хэсэгт эхний тойрогтоо Загреб, Анатальягийн Гран Пригийн хүрэлтэй Туркийн Гулкадер Сентюрктэй учраа таарлаа. Улмаар энэ бөхийг ялбал Токиогийн дэлхийн аваргад ялсан Словений Маруса Стангар, IJF-ийн нэр дээр барилдаж буй Сариуна Цыжипова нарын ялсантай шилдэн наймд шалгархын төлөө хүч үзнэ. Энэ хэсгийг энэ оны Баку, Екатеринбургийн “Их дуулга”-ын мөнгөн медальт, Марракечийн Гран Пригийн аварга Жулиа Фигуэроа тэргүүлэн барилдаж байна.

Г.Наранцэцэгтэй хамт энэ жинд өрсөлдөх байсан Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жин өгсөж -52 кг-ын жинд барилдахаар болжээ.  

-52 кг:Энэ жинд нийт 35 жүдоч өрсөлдөхөөр сугалаанд орсон бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. М.Уранцэцэг аварга өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн Антальяд -52 кг-ын жинд Гран При ангилалд өрсөлдсөн бөгөөд Румыний алдарт бөх Андреа Читутай аваргын төлөө өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ удаад тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Африк тивийн аваргын гурван хүрэл медальтай Алжирын Файза Айссахинетэй учраа таарсан. Энэ бөхийг хожсон тохиолдолд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Мариам Жанашвили, энэ оны Ази, номхон далайн орнуудын аварга, 2015 оны залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Диёра Келдиёрова нарын ялсантай шилдэг наймд шалгархын төлөө хүч үзнэ. Түүний хэсгийг Чанчуны Гран Пригийн аварга, энэ онд Екатеринбург, Марракечэд үзүүрлээд байгаа Испаний Ана Перез Бокс тэргүүлэн барилдана.

Харин өнгөрсөн сард Ташкентийн Гран Прид үзүүрлэсэн ОУХМ Бишрэлтийн Хорлоодой ОХУ-ын Анастасья Поликарповатай эхний даваандаа учраа таарлаа. Энэ бөхийг ялбал түүнийг өнгөрсөн оны “Мастерс”-ийн хүрэлтэй, 2017 оны Абу Дабигийн Гранд Сламын аварга Белгийн Чарлин Ван Сник хүлээж байна.

 -60 кг:Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд манай хоёр бөх хүч үзэж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Армийн спортын наадмаас хүрэл медальт хүртээд байгаа ОУХМ Энхтайваны Ариунболд А хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Монакогийн Янн Сиккардитэй учраа таарлаа. Энэ бөхийг ялбал манай тамирчин энэ онд Загребт мөнгөн медаль хүртээд байгаа Их Британы Эшли Макензитэй шилдэг наймд шалгархын төлөө хүч үзэх магадлал өндөр байна. Учир нь Э.Макинзе хоёрдугаар тойрогт Марроко болон Ганын тамирчдын ялсантай барилдана. Э.Ариунболдын хэсгийг ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарафуддин Лутфиллаев тэргүүлэн барилдаж байгаа бөгөөд манай бөхтэй Загребийн Гран Прид учраа таарч ялж байлаа. Харин залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны Екатеринбургийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогтоо Жакартагийн Азийн наадмын тавдугаар байрт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдана. Улмаар энэ бөхийг ялбал хэсгийн тэргүүн бөх ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазетай анх удаагаа хүч үзнэ. Түүний хэсэгт мөн олимп, дэлхийн хүрэл медальт Узбекистаны Диёрбек Урозбоев бичигдсэн байна.

-66 кг:Нийт 50 тамирчин өрсөлдөх энэ жинд ОУХМ Ганболдын Хэрлэн, Ёндонпэрэнлэйн Басхүү нар хүч үзнэ. “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт Ё.Басхүү С хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Пан америкийн АШТ-ий гурван хүрэлтэй Перугийн Жуан Поштигос, Тажикстаны Ёкубжон Бокиев нарын ялсантай барилдана. Улмаар ялбал Украйны алдарт бөх Георгий Зантарая, Екатеринбургиийн Гранд Сламын аварга Францын Киллиан Ле Блоуч нарын ялсантай шилдэг наймд шалгархын төлөө хүч үзнэ. Түүний хэсгийг Израйлын Барух Шмайлов тэргүүлж байгаа бөгөөд Словений Адриан Гомбоч, Узбекистаны Сардор Нуриллаев, Азербайжаны Нижат Шихализада, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт БНСУ-ын Ан Бауль нарын нэр бичигджээ.

Харин дэлхийн “Мастерс” тэмцээний аварга Г.Хэрлэн D хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд ОХУ-ын Якуб Шамилов, Албаний Индрит Чуллхаж нарын ялсантай хоёрдугаар тойрогт учраа таарна. Улмаар ялсан тохиолдолд Австрали, Колумб, Энэтхэгийн жүдочдын ялагчтай шилдэг наймд үлдхийн төлөө хүч үзэх боломжтой болох юм. Түүний хэсгийн аваргын төлөө гарч ирэх гол фаворит нь Италийн Мануэл Ломбардо.