УИХ-ын дарга МБ-ны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон СЗХ-ны дарга С.Даваасүрэн  нарт хариуцлага тооцно гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг ажлаа өг хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал,  УИХ-ын дарга үдээс өмнө Монголбанкны ерөнхийлөгчийг хүлээж авах үеэрээ энэ тухай мэдэгдсэн бол сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, ажлын хэсгийн шалгалтын үр дүнд хийсэн ажлын тайланг нь сонсжээ. Улмаар ажлын хариуцлага алдсан учир хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн байна. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Монгол банкны ажилд ахиц дэвшил гарч байгаа ч өнөөдрийн нийгэм, улс төр, банк санхүүгийн орчин итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Банкинд, төрд итгэх иргэдийн итгэлийг хүлээлгэхээр хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно" хэмээн тодотгосон юм.