Монгол Улсын Морин хуурын чуулгын "The beginning of fall" тоглолт 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд 19:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тоглолтыг морин хуурч, удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж хоёр өдрийн турш эгшиглүүлэх юм.
Морин хуурын чуулгын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Цэцээ-Гүн" Ротаракт клубын "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин энэхүү хандивын тоглолтоо 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын бүх орлогыг тэтгэлэгт хөтөлбөрт санхүүжилтээр хандивлах юм байна.
Боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” нийгэмд үйлчлэх Ротаракт клуб нь 2013 оноос эхлэн “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нийт 37 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулаад байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт болон хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлагч оюутнуудыг хамруулах зорилготой бөгөөд хүн бүрт сурах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой.
Тасалбарын үнэ 25000 төгрөг бөгөөд үзэгч та бүхэн морин хуурын аялгуу сайхан эгшгээр сонороо мялаахын хамтаар улсынхаа ирээдүй хойч үеийн боловсролд хөрөнгө оруулаарай.
Тасалбарыг ticket.mn болон 88114226, 99092925, 99138855 утсаар холбогдон авах боломжтой.