С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ

Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Үхань хотод хөшгөө нээсэн билээ.

VII наадмын чөлөөт бөхийн төрөл өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “World Military Games”-т үзүүрлэсэн чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө ОУХМ Д.Хүдэрбулга “Мунгён-2015”-аас 97 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж байв. Чимэдээ гавьяат Үханьд шөвгийн наймд “Баку-2015” Европын наадмын мөнгө, ЕАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн хошой аварга Польшийн Катаржина Кравчукийг 4:2-оор, хагас шигшээд 2017 оны Европын дэд аварга Беларусийн Катарина Ханчарыг цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, эзэн орны Ли Хуид 3:6-гаар ялагдлаа. Өнөөдөр 53 кг-д хүч үзсэн залуучуудын болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртлэх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Милана Дадашевад 6:12-оор ялагдлаа. Харин өчигдөр 65 кг-д ОУХМ Б.Батмагнай Румыний Георг Бучурт 6:9-өөр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран Камеруны Жеан Мбиаг цэвэр ялсан ч БНСУ-ын Ли Сён Бонд 2:2-оор, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн Польшийн Радослав Маркинкивезийг цэвэр, Унгарын Габор Хатошийг 7:0-ээр ялсан ч хагас шигшээд Германы Ахмед Дударовт 1:4-өөр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Армений Мхер Маркосиант 10:10-аар дийлдсэн. Маргааш сүүлийн өдөр 68 кг-д ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал нар хүч үзнэ.

Спортын сэтгүүлч Б.БАТ