Жүдочид Дэлхийн цэргийн спортын VII наадмаас хоёр хүрэл медаль хүртээд байна

Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод эхэллээ. Энэ сарын 18-27-нд болох Армийн спортын наадмын эхний өдөр жүдо бөхийн -60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ази, Номхон далайн орнуудын АШТ болон Загребийн Гран Пригийн хүрэл медальт ОУХМ Энхтайваны Ариунболд монголын багийн медалийн салхийг хагаллаа. Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бразилийн Эрик Такабатакег 2:10 минутад цэвэр, гуравдугаар тойрогт Тунисын Дхоуибиг 3:18 минутад цэвэр ялжээ. Харин хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинд нэмэлт цагт ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Улмаар хүрэл медалийн төлөө манай бөх ОХУ-ын О.Жебовыг 2:24 минутад цэвэр ялснаар Армийн спортын наадмын хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн энэ өдөр -66 кг-ын жинд оюутны Универсиад наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойрогт Италийн Матео Пирас нэмэлт цагт цагт цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын И.Хаметовыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялжээ. Харин хэсгийн аваргын төлөө Узбекистаны Штурбабинд цэвэр ялагдснаар торгуулийн барилдаан хийхээр болжээ. Улмаар манай бөх Катарын А.Элидриссиг 2:01 минутад цэвэр, Казахстаны Гумар Кыргызбаевыг 29 секундэд цэвэр савснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон байна. Хүрэл медалийн төлөө Б.Эрхэмбаяр БНХАУ-ын Ву Жинчианыг 3:25 минутад цэвэр ялснаар спортын замналдаа дахин нэг спортын наадмын медаль нэмлээ.

Дэлхийн цэргийн спортын VII наадам жүдо бөхийн төрөл маргааш хүнд жингийн барилдаануудаар үргэлжлнэ.