ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Байгалийн баялгийг ашиглах зарчим

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтуудын агуулга, ач холбогдлыг инфографикаар танилцуулж байна. Энэхүү төсөл нь хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлаар бөгөөд энэ удаад БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АШИГЛАХ  ЗАРЧИМ-ын талаархи заалтуудыг онцлов. Газрын хэвлийн баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээхдээ тэгш байдал, шударга ёсны зарчимыг баримталж буй юм. 

I.ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ

   Нэг.Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим:

6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий,  түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.