МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРОХГҮЙ БОЛОЛТОЙ

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авдрг олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж магадгүй байгаа тухай мэдээлэл гарсан. Мөн энэ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд даалгавар өгч, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй уулзаж дэмжлэг хүссэн билээ.  

Тэгвэл ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь бололтой. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тус байгууллагаас тэмдэглэжээ. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байна.