МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл толгойлно

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо өнөөдөр ээлжит чуулганаа хийж  ирэх 4 жил тус холбоог удирдах тэргүүнээ сонголоо. 

Тусгаар тогтнолын ордонд болсон Их хуралд  нийт 317 төлөөлөгч оролцохоос 296 нь ирсэн бөгөөд НАМЭХ-ын Ерөнхийлөгчийн төлөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдсөн. Ингээд санал хураалтын дүн гарахад  төлөөлөгчдийн 75.4 хувь нь Д.Сарангэрэлд саналаа өгчээ. Ингэснээр тэрбээр ирэх дөрвөн жил энэ байгууллагыг толгойлох болоод байна. 

Уг нь холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албыг 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч асан Ц.Цогзолмаа хашиж байсан. Гэвч түүнийг ажлаа хүлээж авснаас хойш хурлаа хийгээгүй гэсэн шүүмжлэл дагадаг. Тиймээс энэ удаагийн их хурлаараа тус холбоо шинэ Ерөнхийлөгчөө сонгож, дүрмийн шинэчлэлтээ ч бас хэлэлцэх юм байна. 

Дашрамд мэдээлэхэд МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 1994 онд Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр анх байгуулсан ба УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нар тэргүүлж байсан юм.