Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Марроко улсын Марракеч хотноо зохион байгуулагдаж байгаа залуучуудын ДАШТ-ий эхний өдөр -52 кг-ын жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгөн медаль, Дюссельдорфын Гранд Сламын дэд аварга Баянхонгор аймгийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэмцээний эхний өдрийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэж манай таван бөх барилдсан юм. 

-60 кг:

Өсвөр үеийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Бямбасүрэнгийн Сүхбат эхний тойрогтоо Йорданы Билал Алмансоурыг 3:17 минутад цэвэр ялж монголын багийн салхийг хагалсан бол хоёрдугаар тойрогтоо залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын багийн дэлхийн аварга Бразилийн Ренан Торресыг нэмэлт цагт цэвэр ялжээ. Улмаар шилдэг наймд шалгархын төлөө Беларусийн Руслан Халавачоуд вазари үнэлгээ алдсан ч үндсэн цаг дуусахаас өмнө үнэлгээг тэнцүүлж чаджээ. Улмаар манай бөх нэмэлт цагт илүү давамгай барилдснаар өрсөлдөгчөө торгуулиар ялж хэсгийн аваргын төлөө хүч үзэхээр болсон. Гэвч манай бөх ОХУ-ын Константин Симеонидист хоёр вазари алдан цэвэр ялагдсан бол торгуулийн тойрогт Японы Кен Сүэмацүд 37 секундэд иппон буулаа. Ингэснээр тэрбээр долдугаар байр эзэлсэн бол түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн залуучуудын олимпийн мөнгөн медальт Ганбүргэдийн Тэмүүжин эхний тойрогтоо Пан америкийн залуучуудын цомын аварга Хаким Чалатай учраа таарч эхлээд вазари үнэлгээ алдсан ч хариуд нь хоёр вазари үнэлгээ авснаар өрсөлдөгчөө 1:18 инутад цэвэр яллаа. Гэвч хоёрдугаар тойрогтоо энэ оны Европын залуучуудын аварга Туркийн Салих Елдизэд цэвэр буун тэмцээнийг орхилоо.

-66 кг:

Өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Баянмөнхийн Нармандах эхний даваандаа Европын залуучуудын цомын тэмцээний хүрэл медальт Их Британы Хенри Уэкесийг 24 секундэд цэвэр савсан ч хоёрдугаар тойрогтоо энэ оны Европын залуучуудын цомын тэмцээний аварга ОХУ-ын Исмайл Мисировт вазари үнэлгээгээр ялагдснаар үзэгчдийн суудалд шилжлээ.

-48 кг:

Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, самбо бөхийн Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Баасансүрэнгийн Ойдовчимэд эхний тойрогтоо Пан Америкийн өсвөр үеийн аварга, залуучуудын мөнгөн медальт Экуадорын Люз Пенаг үүрч вазари үнэлгээ аван улмаар залгуулаад даралтанд оруулж, 1:13 минутад цэвэр ялжээ. Гэвч манай бөх өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2017 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Сербийн Андреа Стояадиновт вазари үнэлгээгээр ялагдлаа.

-52 кг:

Энэ оны насанд хүрэгчдийн Азийн аварга болон Дюссельдорфын Гранд Сламаас мөнгөн медаль хүртэж, Европын нээлттэй тэмцээнд аваргалсан Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам залуучуудын ДАШТ-ий финалд шалгарсан хоёр дахь эмэгтэй жүдоч боллоо. Түүнээс өмнө -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн 2017 онд дэлхийд үзүүрлэсэн нь манай эмэгтэй жүдочдын оргил амжилт байлаа. Харин энэ удаад Л.Сосорбарам аваргын төлөө шалгаран энэ оны Ази-Номхон далайн орнуудын залуучуудын аварга Тайваний Лин Шуан Шутай Улаанбаатарын цагаар 12:00 цагийн орчимд аваргын төлөө барилдахаар шалгараад байна. Л.Сосорбарам финалд хүрэх замдаа эхний тойрогт Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар, хоёрын даваанд өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аваргаУзбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар яллаа. Улмаар хагас шигшээд энэ оны Бразилийн “Их дуулга”-ын мөнгө, Бакугийн Гранд Сламын хүрэл, Пан америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч ялжээ.