Л.Баярмаа дэлхийн гурван удаагийн аварга боллоо

Маррокко улсын Марракеч хотноо өчигдөр ахмадын буюу Гранд Мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэж, манай улс 1 алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. 

Тэмцээний F4 ангиллын дэлхийн хошой аварга ОУХМ Лигдэнгийн Баярмаа эхний тойрогтоо Их Британы Лаура Скарлетт-Мкаллистерийг 1:21 минутад хоёр вазаригаар буюу цэвэр яллаа. Улмаар хоёрдугаар тойрогтоо эзэн орны Асмаа Зеббарыг 2:52 минутад иппоноор буулгасан бол гурвын даваанд Бразилийн Рожерия Сильваг 2:16 минутад цэвэр ялжээ. Түүний жинд нийт 5 жүдоч хүч үзсэн бөгөөд тойргоор барилдахад манай тамирчин сүүлийн барилдааны үр дүнгээс үл хамааран дэлхийд гурав дахь түрүүгээ хүртэх нь тодорхой болоод байсан. Улмаар сүүлийн тойрогт манай бөх барилдалгүйгээр өрсөлдөгчдөө ялалт өгсөн ч аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн юм.

Мөн тэмцээний F6 ангиллын +78 кг-д хүч үзсэн Бадмааргаагийн Алтансувд Германы Габриэль Нюрнбергерийг ялж мөнгөн медалийн болзол хангаад аваргын төлөө Германы Клара Бееренвинклд ялагджээ.

Харин эрэгтэйчүүдээс М2 ангиллын -90 кг-ын жинд Чулуунбатын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртжээ. Түүний жинд нийт 22 жүдоч зодоглоход манай тамирчин эхний тойрогтоо Францын Александр Майдонисийг 1:45 минутад цэвэр, дараа нь Алжирын Лотфи Фечачаг 2:00 минутад иппон буулгажээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилийн Арнальдо Жуниорыг 1:46 минутад цэвэр, хагас шигшээд Алжирын Софиан Абадлаг 58 секундэд цэвэр ялж медалийн болзол хангажээ. Харин аваргын төлөө Азербайжаны Расул Салимовт 2:28 минутад цэвэр ялагдснаар ахмадын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээний дараагаар Марроко улсын Марракеч хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа, ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл дасгалжуулагчтай монгол улсын залуучуудын шигшээ багийн түрүүч Марракечид хөл тавиад байгаа бөгөөд энэ сарын 16-20-нд дэлхийн шилдгүүдтэй хувийн жингийн болон багиийн төрөлд өрсөлдөнө.