Улсын аварга Н.Батсуурь, аймгийн харцага Б.Бадрал  нар  сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга боллоо

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо боллоо. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас улсын аварга Намсрайжавын Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном, аймгийн харцага Б.Бадрал, аймгийн начин Н.Даваажамц нар барилдсан бол залуучуудын ангилалд А.Сосорхүү, Б.Мөнх-Идэр, Очирсайхан нарын бөхчүүд хүч үзжээ.  

Тэмцээний үнэмлэхүй жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь барилдсан бөгөөд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга болжээ. Харин хүрэл медалийг ОХУ, Унгарын бөхчүүд хүртсэн байна. Мөн -100 кг-ын жинд барилдсан сонирхогчдийн сүмо бөхийн дэлхийн аварга аймгийн харцага Б.Бадрал алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо.  

Түүнчлэн залуучуудын ангилалд +100 кг-ын жинд Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр нар барилдаж хүрэл медаль хүртжээ. Тэдний хувьд мөн багийн төрөлд барилдсан бөгөөд багаараа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн +80кг-д Золжаргал, үнэмлэхүй жинд Түвшинжаргал нар хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дэлхийн аваргыг өндөрлүүлжээ.

Дашрамд мэдээлэхэд, Сүмо бөхийн ДАШТ-д манай багийн дасгалжуулагчаар дэлхийн хошой аварга Р.Гантөгс, Г.Наранбат нар ажиллажээ.