Ж.Батзандан гишүүн үнэн ярьдаг уу

УИХ-ын гишүүн Л.Болд Ж.Батзандан нар байсхийгээд л мэдээлэл хийдэг. Ингэхдээ эх орныхоо төлөө өөрсдийгөө зольж буй мэтээр ярьж, шударга эх оронч байсны минь төлөө барьж аваад шоронд хийх магадлалтай хэмээн асуудлыг дэвэргэдэг.

Өчигдөр л гэхэд эрхэм гишүүд ээлжит мэдээллээ хийсэн нь Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ удирдах зөвлөлөөс ирүүлсэн гэх албан бичигийн талаар байлаа. Ингэхдээ Ж.Батзандан "ОУПХ-оос Монгол Улсад 2019 оны зургаадугаар сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд ирүүлсэн. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” гэсэн юм.

Тэгэхнээ өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өчигдөр мэдээлэл хийсэн. УИХ тусдаа түр хороо байгуулсан, энэ түр хороо ажлаа хийх ёстой. Одоо гишүүдээ попролтоо, улстөржилтөө зогсоож, ажлаа хиймээр байна. Нэг хүнийг ажлаас халсны дараа ОУПХ-ны мэдээлэл ил гарлаа гэдэг худал мэдээлэл тарааж байна. ОУПХ-оос Монголын парламент С.Зоригийн хэргийг улс төрд ашиглахгүй байхыг сануулсан байхад яагаад худал ярьж байна вэ. Энэ том байгууллагын нэрийг барьж, дүгнэлтэд ороогүй зүйлээр худал мэдээлэл өгч болохгүй шүү дээ. Одоо үүнийг болиод ажлаа хийцгээе” гэсэн юм. 

Үнэхээр ч УИХ-ын сонгууль хаяанд ирсэн болоод ч тэрүү, УИХ-ын зарим гишүүний хувийн тоглолт сүүлийн үед арай ч дээ гэмээр байгаа. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Хэрэв уншигчид санаж буй бол эрхэм гишүүн хэдхэн хоногийн Төрийн ордонд мөн л ээлжит мэдээллээ хийсэн. Ингэхдээ Монгол Улсаас Хөх хотод сууж байсан Консул асан Д.Мөнх-Эрдэнийг ярьсан зүйлийнх нь хариу болгож АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж буй хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, Монгол Улсаас Хөх хотод сууж байсан Консул асан Д.Мөнх-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний төрөл төрөгсдийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэж хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийгөө хамгаалж  төрийн өндөр алба хашиж байсан эрхэм өөрт нь 50 сая төгрөгийн авлига өгөхийг завдсан хэмээн мэдэгдэж, би түүнийг танихгүй гэж мэлзэж байлаа. Гэвч Консул асан түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа эрхэм гишүүний өөртэй нь авахуулсан гэрэл зургууд болон бэр эгчийгээ ажилд оруулж өгөхийг гуйсан бичлэг зэргийг ил болгож эрхэм гишүүнийг эвгүй байдалд оруулаад байгаа нь үнэн билээ.

Зөвхөн энэ хоёр баримтаас харахад л УИХ-ын гишүүн Ж.Батзандан үнэн ярьдаг уу гэж асуухаас аргагүй байгаа юм. Тэр үнэхээр улс орныхоо төлөө үнэн ярьдаг юм болов уу.

Л.Гэрлээ