Д.УРИАНХАЙ: Өнөөгийн Монголын төрд Хятадын төрийн ухаан байсан бол бид ядуу амьдархгүйсэн

“Монголын хамгийн оюунлаг, гэгээн ариун сэтгэлгээтэй хайран хүмүүс амиа хорлоод дуусч байна. Энэ хүмүүс зүгээр нэг УИХ-ын гишүүн, бизнесмэн биш!

Захаас нь дурдахад их зохиолч Д.Нацагдоржийн охин, онолын физикч, яруу найрагч, далд ертөнц судлагч Ананда Шири, Монголын хамгийн авьяаст модернист зохиолч , философич С.Анударь нар амиа егүүтгэлээ. Өнөөдөр Монголд оюунлаг, гэгээн, бурхад таалахаар амьдрал сонгон тэмүүлсэн хүмүүст амьдрах жинхэн орчин алга! Хүн амын талаас илүү нь зах зээлийн харилцааны гамшигт өртөж амаараа шороо үмхлээ. Миний нүдэнд хамгийн эмгэнэлтэй нь хог түүж яваа ядуус, гуйлгачид, гудамжинд үхдэл мэт хэвтээ архичид. Золбин ноход шиг “эрх чөлөө”-тэй тэнэгчид, хөөргөн тэнэг залуу үеэ хараад сэтгэл минь урагдах юм”.

Энэ бол Монголын агуу их Дамдинсүрэнгийн Урианхайн эмзэглэл! 

Энэ эрхэм хүмүүнтэй, “Монголын философын холбооны тэргүүлэгч гишүүн, Утга зохиолын доктор Д.Урианхайтай ярилцлаа. Бидний ярилцлагын сэдэв өөрийнх нь тухай бас нийгмийн тухай. Мөн улс төр эдийн засаг! юм.

Мөн бидний энэ ярилцлага Д.УРИАНХАЙН хамгийн сүүлд буюу 2019 онд хэвлүүлсэн "Бодь сэтгэл-Эв хамт Ёс-Ганцаарчилсан Хөдөлгөний үзэл "Очир"-"Үнэнээс цогцолсон Зэндмэнэ" номын IV дэвтэрт  нийтлэгдсэн билээ. Хамгийн баярлуулсан үйл явдал нь их зохиолч өөрийн бичсэн ЗЭНДЭМЭНЭ-ОНОЛ: МОНГОЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ФИЛОСОФИ АСУУДЛУУДАА мэдээллийн сайтаараа дамжуулан олон нийтэд хүргэх эрхийг ярилцагч надад өгсөнд чин сэтгэлээсээ талархаад барамгүй.   

-Юуны өмнө танд баярлалаа. Ярилцлага өгч буйд тань...

-Би нүүр тулсан ярианд тааруу. Ам уушги хоёроо зад нээгээд  хүмүүс сонирхохоор юм ярьчих чадвар, мэдлэг тааруу. Аманд микрофон тулгачихаар толгойд байгаа бүх юм алга болчихдог. Яагаад ч юм юу ч ярьж чадахаа болиод өөрийнхөөрөө байж чаддаггүй. Миний бодлоор өөрийнхөөрөө байж чадах гэдэг нь бодож буй бодол санаагаа зөв ойлгуулж чадах чадвараа хадгалахыг хэлнэ. Түүнээс биш өөр байдлаар хүмүүсийн дунд онцгойрч, ялгарч болохгүй шүү дээ . Хувцастай, эсвэл нүцгэн байж болно. Биеэ огт барихгүй, эмээх, ичих “хоцрогдсон” зангүй, чөлөөтэй инээж, ханиаж уурлаж, бохь зажилж, тамхи татаж, зодоон хийж ч болно. Тийм аяг аашийн “эрх чөлөө”-г би “өөрийнхөөрөө байх гэж үздэггүй. Би ийм бодолтой, төрх төлөвтэй хүн дээ. Гэхдээ яах вэ. Та асуу хамаагүй. Чадах чинээгээрээ хариулахыг хичээе.

-Хүмүүс таны бүтээлийг гүн ухааны өвөрмөц утга санаатай. Тиймдээ ч нэг биш нэлээд хэд, гэхдээ ихэд тунгаан бодож уншиж байж ойлгодог хэмээдэг. Магадгүй та олон хэл дээр ном уншдаг, их боддог, бяслагадаг болохоор хүн төрөлхтний амьдрал, нийгмийн зөрчлийг илүү шүүн тунгааж бүтээлээ туурвидагтай холбоотой юм болов уу?

-Би хүний амьдрал, нийгмийн харилцааны тогтолцоог үзэхдээ марксист, буддист, анимист байр сууринаас хандаж, тэдгээрийн синтез маягийн үзэл онолыг баримталдаг. Үзэл бодолд минь орчин үеийн шинжлэх ухааны /байгалийн болоод нийгмийн/ нээлт, тайлбарууд ч холилдсон байгаа. Би 1994 онд Монголын нийгмийн харилцаатай “Иргэний үл эвлэрэл” зарласан юм шүү дээ.

-Яагаад?

-Яах  вэ дээ. Монголчуудын язгуур зан чанар, сэтгэл зүйд үл тохирох, Монголын эдийн засгийн өвөрмөц загварт үл “ажиллах” зах зээлийн харицлаа, өнөөдөр бидний дуурайх гээд сохроор хуулбарлаад байгаа дэлхийн жишиг нийгмийн байгуулалтыг буруу гэж үзээд! Тэгээд л нийгмээ эсэргүүцэж “ганцаарчилсан хөдөлгөөн” гэдгийг байгууллаа. Энэ нь ганцаарчилсан онол, үзэл санааны “хөдөлгөөн” юм л даа. 

-Сонирхолтой санагдаж байна.

-Хүмүүс гайхаад байдаг юм. Энүүхэндээ гэхэд миний нийгмийн хөгжлийн мөн чанар болоод хүний амьдарлын үнэмлэхүй зорилго, утга агуулгыг үзэх философи, хувь төрх чанар минь зах зээлийн харилцаа, хувийн өмч, тийм ахуй амьдарлыг дээдлэгч онол, үзэл сурталтай харш. Тэгээд ч адвиш үнэнийг хэлэхэд, Монголд хэрэгжиж буй “зах зээл” чин бохир орлого, бохир мөнгөний “угаалга” шүү дээ. Монгол хэлээр “угаалга”  гэх нь үндсэндээ буруу илэрхийлэл. Учир нь Монгол хэлний “угаалга” гэдэг үгний утга нь бохир заваан юмыг цэвэр, бузар зүйлийг ариун болгох үйл ажиллагааг илэрхийлнэ. Гэтэл Монголын зах зээл бохир мөнгийг улам бохирдуулж, бузарлаж, эзнээ нүглийн нүх рүү өөрт нь үл мэдэгдүүлэн чирдэг. Нүглийн нүх гэж би хүний үхсэний дараах сүнс нь зэтгэрт хөтлөгдөг очиж унах ёсроолгүй нүх буюу тамыг хэлж байгаа юм. Монголын өнөөгийн зах зээлийн харилцаагаар хүн амын өчүүхэн цөөнхөд хуримтлагдаж буй өмч хөрөнгө бол Монголын маань түүхий хуулийн цоорхойгоор шургалдаг хулгай, луйврын олз, орлогын нүгэлт ашиг. Энд ариун цагаан хөдөлмөр  шингэсэн нь ер байхгүй. Гэтэл манай зах зээлийн ухуулагчид юу гэдэг вэ гэвэл Монголд улсын үйлдвэр байхаар үр ашиг өгдөггүй, эдийн засаг хөгждөггүй. Улсын үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид, мэргэжилтнүүд ажил хийж өгдөггүй. Үйлдвэрээ “энэ миний юм” гэж боддоггүй. Харин “нийтийнх” гэж боддог. Тийм болохоор аль болох зүгээр сууж байгаад ихийг завшихыг боддог. Харин үхэн хатан ажиллах ухамсар, сэтгэл зүйл суулгадаг хувийн өмч л хүнийг ажиллуулах гол механизм болдог гэж сурталчилдаг. Үүнийг эсэргүүцэхэд маш хэцүү. Гэхдээ дээрх сурталчилгааны үгс 100 хувь үнэн биш. Хүн улсын үйлдвэрт яагаад муу ажилладаг юм бэ. Яах вэ цалин бага байж болно. Техник технологи нь доголдолтой, шинэчлэгдээгүй, бүтээмж муутай байж болно. Гэхдээ энэ бол гол шалтгаан биш. Гол шатгаан нь хүний сэтгэл байгаа юм. Улсын үйлдвэрийг “миний юм” гэж элгэмсэх, бас энэ үйлдвэр бид хоёрын ахуй амьдрал нягт холбоотойгоор шүтэн барилдаж байж цаг хугацааг гэтлэнэ” гэдэг иргэний ухамсар сэтгэл үүсээгүйд л гол шалтгаан оршино. Тэгэхээр хүнийг хөдөлгөгч хүч бол “хувийн өмч” биш сэтгэл юм даа.

-Та энэ тухайгааг яагаад нийтэд ил ярьдаггүй юм бэ. Магадгүй таны энэ үзэл санааг нийгэм хүлээж авахгүй байна уу?

-Хүлээн зөвшөөрлөө ч хүлээж авахгүй байгаа юм. Энэ бол том алдаа! Буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь зөвийг хорихоос илүү хортой. Социализмын үед ч ялгаагүй ээ. Моно үзэл сурталтай, өөрөөр хэлбэл, марксизм-ленинзмийн онол, үзлийг баримталдаг нэг намын тоголцоо удирдаж байсан болохоор миний хөдөлгөөнийг, үзэл санааг минь хүлээж авахгүй “улс төрийн хэрэгтэн” болгож шоронд суулгах байсан байх.

-Та хүнийг өөрийнхөөрөө байх ёстой гэж байна. Гэтэл хүмүүс тийм биш болсон. Хүмүүс тэр дундаа тэр дундаа олны танил хүмүүс, өөрсдийгөө лидер гэж боддог нөхөд хэт мэдэмхийрч өөртөө биш харин бусдад таалагдахын “дон”-гоор амьдраад байгаа юм биш үү?

-Өнөөдөр бараг бүх хүний амьдрал техник, технологийн хөгжлийн үр дүнг ашиглах прагматик ашиглалтын ноёрхол тогтсон байна. Оюун санааны ертөнц салбар салбарын мэдээллээс бүрдэж, түүгээрээ тэжээгдэж байна. Ойр зуурын техникийн, цахилгааны дижитал хэрэгслийн мэдлэг, мэдээлэлгүй хүн байвал элир баларын зэрлэг хүнээс ялгаагүй шахуу болчихоо юу даа. Үүнийг би өөрөөрөө жишээлж хэлж байгаа юм шүү. Харин иргэншсэн, даяршсан дэлхийтэй харилцаанд орж буй хүмүүс өөр болж. Тэд гар утас, компьютер, интернэт “ухаад” мэдээлэл олоод авчихаж байна. Мэргэжил мэргэжлээрээ зохих түвшний мэдээлэлтэй, ярих бэлэн сэдэвтэй, үйл ажиллагааны дадлага туршлагатай, онолын мэдлэгтэй улс. Тийм болохоор интернэтээс, сонин хэвлэлээс  олж авсан мэдээллээ үг үгээр нь бусдад дамжуулж байгаа юм. Өөрсдийнх нь оролцож, өөрийнхөөрөө бодож боловсруулсан өөрийн дүгнэлт, үзэл онол, бодол санаа дутмаг нь илт мэдрэгддэг. Математикийн бодлогоор жиших юм бол бодолтыг нь болон гаргалгаанд очих үйл явц, үе шатуудыг нь сайн мэдэхгүй, зүгээр л бэлэн хариуг нь хуулаад тавьчихаж байгаа хэрэг.

-Мэдээлэл гэснээс манайхан заримдаа үнэн худал нь мэдэгдэхгүй энэ олон мэдээлэл дунд төөрчих шиг санагддаг. Өөрийгөө яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй нэг тийм...

-Тийм ээ үнэн. Монголчуудын олонх нь мэдээллийн бодитой эх сурвалжид хүрч чадахгүй байгаа. Буруу зөрүү ам мэдээлэлд их төөрөлддөг. Би хөдөөгүүр их явдаг. Малчдын гэрт зурагт, хүлээн авагч байдаг  ч радио чагнаад, зурагтын дэлгэц ширтээд тухтай суух зав цаг байхгүй шүү дээ. Ном , сонин, сэтгүүл очихгүй. Очдог нь хэрэгтэй хэрэггүй бичвэртэй муусайн шар сонин. Улаанбаатарт оршин сууж буй сая хүний дөнгөж 10-20 хувь нь ном уншиж, хүний оюуны хөгжилд хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэг олж авч байна. Бусад нь зүгээр л “зурагт үзэгчид”, “гар утсаар яригчид”, компьютер тоглоомонд улайрагчид, чаатлагчид, дэмий сэлгүүцэгчид! Өнөөдөр дэлхий дээр ном зохиол хамгийн бага уншдаг үндэстэн нь монголчууд бид!

-Уучлаарай би таныг сайн мэддэг хэд хэдэн хүнээс “Д.Урианхай бол цаг үеэсээ түрүүлээд төрчихсөн юм” гэж хэлэхийг сонсож байлаа. Заримдаа таньтай яриад суухаар яагаад ч юм энэ үгтэй санал ниймээр санагддаг.

-1990 оноос эхэлсэн эдийн засгийн үйл явц тэр бүх “Би”-г бүгдийг баллуурдаад, хөдөлмөрийн үр дүнг нойллоод хаячихсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, социалист бүтээн байгуулалтын хамаг дурсгал, өвийг устгаж, өч төчнөөн үйлдвэр обьектуудыг сүйтгэж, тэр түүхэн хугацаанд буй болгосон нийгмийн баялаг, хэрэгтэй ашигтай эдийн засгийн баазуудыг хувьчлаад хэдхэн хүний өмч болгочихлоо. Монголчуудын бүхэл бүтэн үеийнхний хөдөлмөр бүтээлийн түүхэн баримт, өв дурсгал үгүй болчихсон. Хойч үеийн залуус эх орныхоо хөгжлийн түүхийн бүхэл бүтэн үеийн ой санамжгүй үлдэж байгаа юм, ингэснээр! Энэ бол үндэсний оюун сэтгэхүйн хувьд ч асар хортой гэмт хэрэг. Үүнийг манайхан одоо биш хожим л ойлгох болов уу даа. Одоо бол надад иргэн хүний хувьд нэг санал байдаг. Тэр нь устгасан үйлдвэрүүдээ сэргээгээч. Социализмын үед ажиллаж байсан хөнгөн үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулаач. Өнөөдөр Монголын хүн амын 40 хувь нь нэн ядуу. Энэ хүмүүсийн тоонд Урианхай би ч орно. Иймд амьдралын нөхцөл нь ядуурлын түвшинд уначихаад байгаа хүмүүст айл өрхйн зайлшгүй хэрэгцээд мах, гурил, цай, талх, элсэн чихэр, масло зэрэг цөөн хэдэн хүнсний барааг зах зээлийн бус харин зардалтай нь харьцангүй бодит үнээр нь “Картын систем”-ээр худалдаж яагаад болохгүй гэж.

-Социализмын үеийнх шиг бүр хүн картын бараанд дугаарла гэж үү. Халамж хавтгайрах биш үү?

-“Картын бараа”-ны  үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй давхарга, бүлэг нь зах зээлийнхээ хуулиар амьдраг цаашаа! Ингээд л ойлгочих.

-Картын бараа гэснээс ядуурал яавал буурах бол?

-Төр засаг алдаагаа засахын тулд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортын бараа таваарыг оруулах чиглэлээр хөгжих бололцоотой том компани, корпорицийг дэмжээд бусдыг нь нийгэмчлэх ч юм уу , үгүй бол үйл ажиллагааг нь өөрчлөх хэрэгтэй. “Үндсэн хууль”-д зарчмын засвар оруулж, Монголд олигархи бүлэглэлийн төр тогтоох бус ард түмний төр ажиллах үүргийг хуульчилж өгмөөр байна. Монгол өнөөдөр хамгийн их хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Гэтэл ёс зүйн үүүрэг алга. Улс төрийн эрх чөлөө хангалттай байгаа хэрнээ “Эдийн засгийн эрх чөлөө” алга. Тийм байхад ядуурал яаж буурах юм.

-Гэхдээ л манайхан эрх чөлөөгөө магтан дуулдаг.

-Элдэв хурал цуглаанд юу санаанд орсноо чалчих, гудамжинд жагсаал цуглаан  зохион байгуулж солиорох, сонгуульд чөлөөтэй оролцох, эсрэгээр оролцохгүй үлдэх, мөнгө нь байвал хаана л бол хаана бадарчилах эрх чөлөө ард иргэдийн хэлэн дээр бурам түрхэж долоолгоод ар шил рүү нь хутга тулгаж байгаатай чанар адил үзэгдэл. Үүнийг эрх чөлөө гэж ойлгуулах нь нийгмийн харилцааг бүхэлд нь анархижуулж, ёс суртахууны “цөлжилт” үүсгэж буй үл ажиллагаа.

-Тэгвэл таныхаар жинхэн эрх чөлөө гэж юуг хэлэх юм.

-Амьдралын хэрэгцээ хүн бүрт адил чанар, шаардлагтай байтал ниймийн материаллаг баялгийн хуваарилалт ч, хэрэглээ ч хэтэрхий адил тэгш бус. Цөөнхөд хуримтлал өмч хөрөнгө хэт хурдтай ихэсч харин олонхид мөн л хэт хурдтай багасч, хоосорч байна. Эндээс цөөнхийн эдийн засгийн далд дарангуйлал тогтож, нийгэмд баян, ядуугийн ялгарлын ангал нийгмийн амьдралыг бүхэлд нь антигонист харилцаа руу түлхэж байна. Би энэ сөрөг, аюултай шинж чанар бүхий үзэгдлийн гажуудлыг засах механизмыг эдийн засгийн ч эрх чөлөө бас ард иргэдийн эдэлбэл зохих эрх чөлөө гэж нэрлэнэ. Нийгмийн баялаг шударга, зөв хуваарилагдаж, ард иргэдийн ахуй амьдралын материаллаг хэрэглээ харьцангүй тэгш хангагдаж байх эдийн засгийн систем л нийгмийн зөрчил, хямралаас ангид хөгжүүлэх үндсэн нөхлөл нь! Эдийн засгийн ийм харилцаа тогтоогүй нөхцөл дэх улс төрийн ардчилал, хүний эрх чөлөө бол хуурамч, шалдан, нүүрэнд түрхсэн оо энгэсэг шиг л хүниий анхаарал сариулсан “хууран мэхлэлт”!

Ард түмэн хий хоосон үг хашгирах, жагсах, дур дураараа аашлах, гадаадад гарч боолын хөдөлмөр эрхлэх эрх чөлөөгөөр яах юм. Тийм эрх эдлээд жаргал нь юу юм. Монголын 2-3 аймгийн хүн амын тоотой тэнцэх монгол гадаадад гарч амьдрал залгуулж байна. Шуудхан хэлэхэд тэдний ихэнх нь хэн нэгний нууцлагдмал эрхэнд орж, хүний зарц болж, боолын амьдралын “жаргал” эдэлж байна. Миний хувь үзлээр бол ард нийтийн эдийн засгийн эрх чөлөөгүй ардчилал, эррх чөлөө бол зөвхөн золбин нохойн эдлэх ардчилал, эрх чөлөө! Хүлээн зөвшөөрөхөд хэцүү, гашуун  ч  гэлээ энэ үнэнийг ойлгох, ухамсарлах хэрэгтэй. Хуурамч ардчилал, эрх эрх чөлөөний сэтгэлгээгээ залруулах үзэл онолыг судлах, олох хэвшүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

-Гэхдээ энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл бас бий шүү дээ?

-Нийгэм гэдэг нь янз бүрийн  олон хүний харилцааны нэгдэл юм чинь буруугийн хажуугаар зөв юм тохиолдох, муухайн хажуугаар сайхан юм гялсхийх байлгүй дээ. Гэхдээ нийгмийн харилцааны том бүтэц доторх ганц нэг эерэг үзэгдэл  тохиолдол үндсэн бүхэл системийнхээ сөрөг мөн чанарыг цагаатгаж чадахгүй шүү дээ.

-Тэгвэл яах ёстой вэ

-Хятад хүн, хээрийн амьтан хоёр буруу юм хэзээ ч хийдэггүй гэсэн үг бий. Хэн хэн нь барагтай бол алдаа гаргадаггүй гэсэн үг л дээ. Миний хувьд монгол хүн хамгийн түрүүнд, хамгийн их юм  сурч авах ёстой үндэстэн бол Хятад гэж бодож явдаг. Хэрэв Монголын өнөөгийн төрд Хятадын төрийн ухаан байсан бол бидний олонхи нь өнөөдрийнх шиг ядуурч, өлсөж ундаасахгүй байлаа. 1990 оноос хойш өмч хувьчлал ямар улайм цайм дээрэм болсон. Энэ дээрэм мулгуу төрийн, тэгэхдээ, өөрийнхөө мулгууг мэдэхгүй ард түмэн мэдэхгүй байгаа гэж боддог тэр тэнэг төрийн дээрэм байсан. Улс орны эдийн засгийг тогтовортой хөгжүүлэх оновчтой бодлого Монголын төрд өнөө ч байхгүй. Удирдлага нэртэй “тоглоом”-оор тоглож, цагийн салхи хаашаа салхилна тийшээ л хамхуул шиг хийсэн бөмбөрөөд, ургсалаараа “шаариг”-даад байна. Үзэл сурталчид гадныхны амаар өмч л нийгмийн баялгийг бүтээдэг” гэж “онолдлох” юм. Гэтэл нийгмийн баялгийг өмч биш хүний хөдөлмөр бүтээдэг юм шүү дээ.

-Тэгвэл биднийг хөгжихөд сэтгэл дутаад байна аа даа?

-Сэтгэл гэдэг хэдийгээр нүдэнд үзэгдэхгүй  ч асар хүчтэй бас бодит энерги чанарын ертөнц. Хүний сэтгэл өөрийнх нь ч, нийгмийн хөгжилд ч голлох үүрэгтэй. Би хүний хөгжил гэж юуг ойлгож байна вэ гэвэл, хүн өөртөө хэрэгцээтэйг оюун бодлоороо хангаж чадах чадварт хүрэхийг, өөрөөр хэлбэл, оюун бодлоо материализац хийх чадвар олох үйл явцыг хөгжил гэж ойлгож байгаа юм. Нар бумбын ордод орлоо. Энэ эринд дэлхийд сансраас ухаалаг хүчтэй сүнснүүд ирж  төрнө. Өнөөгийн хүн төрөлхтөн дэлхийг цөмлөөд, ухаж хоослоод, байгаль нийгмийн шүтэн барилдлагыг эвдчихлээ. Ийм учраас хүн төрөлхтний өнөөгийн хөгжлийн зам ч буруу, хөгжлийг ойлгох ойлголт нь ч буруу байна.

Хүн төрөлхтөн метафизик сэтгэлгээнээс хагацан прагматик сэтгэлгээнд даана ч харамсмаар дарангуйлагдсан байна. Монголын төр ч ялгаагүй, барууны /АНУ, Европын/өмчийн сэтгэлгээний үзэл бодлын боол болчихлоо. Монголын төр өөрийн өмчгүй, үйлдвэргүй учраас “гуйлгачин төр” болж хувирав. Татвараар төсөв бүрдүүлж амьдрана гэдэг. Гэтэл татвараа “эдийн засгийн гэмт хэрэгтнүүд, эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд хулхидуулаад өнгөрдөг. Төрийн бодлого олигархиудын хуйвалдаанд эзлэгдсэн учраас ард түмнийхээ амьдралыг бодсон бодлого явуулж чадахгүй, дарамтад “хойдохоо уншууллаа”. Монголын төрийн сүлдний хоёр загас нүдээ үргэлж аниатай унтаад хийморийн морь нь цээж бөгөсгүй хэрчигдээд хөдөлж чадахгүй хий дэмий татваганаад, яг үүн шигээ Монголын төрийн үйл ажиллагаа ч ард түмний тархины үйл ажиллагаач барууны прагматист өмчийн сэтгэхүйн төмөр торонд сүлжигдчихээд өндийж чаадахгүй үхширчихлээ. Энэ бол прагматизмын “гайхамшигтай” далд гай. Уг бол хүний амьдрал, хөгжилд хамгийн зөв үзэл бол /та нар намайг яаж ч доогловол доогло, нулимсан ч болно/ утопи үзэл санаа л байгаа юм. Нийгмийг цэвэр сайханаар хөгжүүлэх, хүний дотоод ертөнцийн дээд,бурханлиг хөгжлийн үндсийг тавих үзэл онол бол УТОПИ мөрөөдөл юм шүү дээ.

  

Ярилцсан Л.ОЮУНГЭРЭЛ