Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар  угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан байна. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.

Тэрбээр "Угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна" гээд "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарч байна. Иймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. "Тавантолгой түлш" ХХК одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулсан.  Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Засгийн газар энэхүү гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Иймээс иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн. Сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Сар бүр шинжилгээ хийж байна. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа" гэсэн юм. 

Дашрамд мэдээлэхэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд олгох санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийж гаргахаар болжээ.