НИЙСЛЭЛ-380: Хотоос цуглуулсан ХАЙР

Хүн эгэл, энгийн зүйлээс таашаал  аваад сурчихвал бухимдуу нийгмийн болж бүтэхгүйн будант манан аяндаа арилна даа. Хэдий бидний амьдралд таагүй, хар бараан зүйл олон ч гагцхүү эерэг хандлагатай байж чадвал энэ амьдралд, их хотод “хайр” дүүрэн байна.

Аз жаргал “дайсан” автобус

 

Баяр гуниг ээлжлэн сүлэлдсэн, бороотой, бодолд өнжүүлсэн намрын налгар өдрүүдэд амт нэмэхээр “автобус” тэмдэглэлийг эхлүүлсэн юм. Ард түмний унаанд амьдрал буцалж, амь халуун яриа өрнөнө өө.

Хаа нэгтээ, санаандгүй байдлаар талархмаар хүнтэй таарах цовоо цолгиун болгох нь бий. Өглөө ажилдаа яарсаар гудамжны булан эргэтэл автобус зогсоолоос дөнгөж хөдлөөд түгжрээд зогсчээ. Жолоочийн нүдэнд өртөх гэж үсэрч, алга хавсраад “Суучихья тэгэх үү” гэж хаалганы цаанаас хий л амны хайрцгаар учирлатал онгойлгож байна. Зогсоолгүй газраас зорчигч тээвэрлэсэн зөрчил тул бушуухан гүйж ороод “Баярлалаа ах аа” гэвэл өөдөөс харин

-“Чамайг хөөрхөн болохоор чинь суулгалаа шүү” гэж хөмсгөө хөдөлгөн гэмгүй маяглав.

Тэгтэл цаад эгнээний машиныг жаахан шахчихсанд жолооч нь “Яаж яваад байна аа” гээд л орилж байна, ойлгомжтой.  Ах над руу харж хэлээ гаргах нь дэггүй.

Автобусных нь хөгжмөөр “Харанга”, “Хурд”-ын дуу эгшиглээд л...Ах дуу бүрт нь дуртай л бололтой толгой ганхуулан ажилдаа түүртсэн шинжгүй. Эрт боссондоо хэнд ч юм ялархаж явсан надад ажлаасаа аз жаргал мэдэрч яваа ах кайф мэдрүүлэв. 40 шүргэж яваа болов уу гэмээр  сайх эр харваас амьдрал үзсэн баачка. Хэнд ч гэм хоргүй, ихэнхдээ хэрэггүй сэдвээр хөнгөхөн мазаарчихдаг ах нар байдаг даа. Энэ удаад суусан ХМК-Офицер чиглэлийн автобусны жолооч тийм л хүн шиг санагдав...

Есдүгээр сарын 1 амралтын өдөр тохиосон тул хичээлийн шинэ жилийн эхний өдрийг хотод өнгөрүүлэхээр Эрдэнэтээс Улаанбаатарыг зорьж ирсэн бяцхан охин ээжийнхээ хамтаар Драгоны автобусны буудлаас суулаа. Охин автобусанд суугаад барилга, байшин, машин зам ер бүгдийг цонхоор нухацтай ашиглан “Ээжээ тэрийг хардаа, ээжээ энэ машиныг хараа” хэмээн шулганах нь хөөрхөн. Бидний өглөө бүр залхтал харсан замын түгжрэл ч түүнд сонирхолтой байгаа бололтой “Пөөх ямар олон машин бэ” хэмээн шүүрс алдана.

6-7 настай болов уу гэмээр энэ охин кола барьж түүнийгээ бүр нэг хайрлаж ууна. Харин ээж нь шуудайтай мах л бололтой мөн савтай сүү ч нөгөө гартаа атгасан байна.

Ээж: За тэгээд юу юу үзэж харна гэж ирлээ чи?

Охин: Парк орж үзнэ, Алсыг харагч дээр сууж үзнэ, аан тэгээд бас...гээд цааш ярих гэтэл ээж нь яриаг нь тасалж

Ээж: Алсыг харагч одоо ажилладаг юм болов уу даа хэмээн  автобусанд зорчиж явсан хотынхон дунд эзэнгүй асуулт тавьж байна. Ээж, охин хоёртой яриа өрнүүлмээр санагдаж  “Ажиллаж байгаа. Та хоёр хаанаас ирсэн бэ? гэхэд

Ээж: Бид хоёр Эрдэнэтээс өглөө орж ирлээ. Манай энэ хот л ороод үзчихвэл онц сурах юм байх аа.  Хот явна гээд байлгаж суулгах юм биш.

Охин: Та амлаа биз дээ.

Охиноос “Хот гоё байна уу” гэхэд толгой дохиод “Гоё. Нээрээ эгчээ хүүхдийн паркад хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрууд байдаг юм уу?

-Мэдэхгүй. Байдаг байх аа. Чи ямар киноны гол дүрийн баатартай уулзахыг хүсч байгаа юм?

Охин: Аан би юу...Пороро. Пороротой уулзмаар байна.

Би: Пороро Монголд байдаг юм уу, хэхэ

Охин: Мэдэхгүй, пороро өөрөө л зурагтаар “Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудтай ирж уулзаарай” гээд рекламдаад байсан.

Би: Тэгвэл пороро парк дээр байгаа байх аа. Би түүний пороротой уулзах чин хүслийг нь унтраахыг хүссэнгүй.

Хүүхэд нээрэн  хиргүй тунгалаг, цэв цэвэрхэн цаас юм. Яавал би энэ охин шиг поророг уулзах гэж алс Эрдэнэтээс Улаанбаатарыг зорих вэ. Яаж би түүн шиг онц сурахын тулд парк орж үзье гэж ижийдээ дахиад эрхлэх вэ. Атаархмаар дэндүү гэгээн юм.

Ээж нь хайрцагтай махаа барьсаар, охин бидний ундаагаа тэвэрсээр Хархорин захын автобусны буудал дээр бууж одлоо. Тэр хоёр хотод байдаг хамаатан Маамаагийндаа очно гэсэн...

Орой ажил тарах үед автобусанд суусан эгч нар хэн нэгэн рүү утас цохиж “махаа гаргаарай” гэж хэлэх нь олонтаа. Тор дүүрэн хүнс барьсан эгч Саппорогийн буудлаас автобусны хаалгаар багтаж ядан орж ирж эвтэйхэн байрлал олж зогсоод гар утсаар ярьж байна.

- Махаа гаргаарай. Ээж нь очиж явна. /утасны цаанаас хаанаас, ямар мах гаргах тухай асууж байгаа бололтой/

- Хөргөгчний доод талд ногоон тортой өөхний хажууд цэнхэр ууттай мах бий дээ. Тэрнийг гарга.

-Наалдаад хөлдчихөж ээ? Ээ заза би өөрөө л очиж байгаад болохоос. Өнөөдөр цалин буусан болохгүй бол дэлгүүрээс хэдэн бууз аваад жигнээд идчихсэн ч яахав, амар. Аав чинь байна уу, заза...гэснээр утсаа салгав.

Эгчийн торны завсраар ургамлын тос, лууван, манжин, төмс, байцаа, жижиг савтай кетчуп ч харагдаж байна. Цалин нь буугаад хүнсээ цуглуулаад харьж яваа эгч цаанаа л нэг сайхан зантай байгаа санагдана. Дуу аялан бохь дуугаргах нь үүнийг илтгэнэ.

Эгчийн адил олон эмэгтэйчүүд ингээд л хүнсээ цуглуулаад “амьдралаа үүрээд” явж л байгаа. Эгч хариад буузаа кетчуптайгаа хольж идээд амьдралын, ажлын амтыг мэдрэх байхдаа гэхээс тэднийд очиж хоол "буудмаар" ч санагдах шиг. Амьдрал сайхан даа. Өнөөдөр буузтай, маргааш бороотой өдөр хоногууд ээлжлэн хүний амьдрал үргэлжилнэ...

Хүн өөрөө харж, мэдэрч, хайрлаж л чадвал бидний хотод урам зориг, тайвшрал өгч дахиад урт удаан жил амьдрахсан, амьсгалахсан гэхээс тэнгэр өөд тааламжтай ширтээд амьд байгаадаа баярламаар өдөр олон.

Хайр дүүрэн хуушуурын тогооч

Хотоос олсон дараагийн “хайр” бол хүндлэл дүүрэн “баярлалаа”-ийн эзэн. “Баярлалаа” хэмээн хэлэх нь харилцааны соёлын нэг хэлбэр мэт боловч баярласан баярлуулсан хэн хэн нь эерэг энергитэй үлддэг. Энэ энергийг түгээгч нэгэн бол Боловсролын их сургуулийн баруун талд байрлах “Сити хуушуур” гэх жижиг хоолны мухлагийн үйлчлэгч залуу. Тэр тогооч, зөөгч, тэгээд бас захирал...Товчхондоо эднийх нэг ажилтантай, нэг байгууллага.

Тэнд хуушуур, пирошки, халуун цай, аарц зарах тул оюутан, сурагчид ихээр үйлчлүүлнэ. Өнөөх “Үйлчлэгч захирал” орж ирсэн хүн бүрийг “За сайн уу, сурлага өндөр үү, ажил тавлаг уу” хэмээн аанай л танил мэт дотно угтана. Гайхсан нэгэн нь “Та бид хоёр танилууд бил үү” хэмээн асуухад “Мэндлэхэд заавал танил байх албатай гэж үү” хэмээн инээвхийлж хариулах нь гоё.

Хоёр хуушуур захиалахад ч өмнө тавиад “Энэ таны захиалсан стейк. Та сайхан хооллоорой” гэж хошигноно. Тэгснээ “Хэдүүлээ байгаа байгаадаа сэтгэл хангалуун амьдарна шүү” хэмээн бүгдэд нь хандан хэлээд хэзээ ч билээ сонсож байсан хуучны дууг шүгэлдэн, гал тогоондоо орно.

Сургуулийн сурагчид эдний байнгын үйлчлүүлэгчид. Дүрэмт хувцастай хүүхдүүд гүйлдэн орж ирэхэд “Дүү нар сайн уу. За яасан өлссөн үү” хэмээн өхөөрдөж хацрыг нь чимхэж угтана. Өнөөдүүл нь ч энэ үгэн дээр нь “дөрөөлөх” мэт “Өлсөж байна. Ах аа, ганц пирошки зээлчих” хэмээхэд “Чи өмнө нь авсан хуушуурын мөнгөө хэзээ төлөх гэж байна” хэмээн тэдний дунд амь халуун яриа өрнөнө. Тэр орж ирсэн хүн бүрийг тийм нэг дулаанхан үгстэй хамт угтаж, даарч явсан бүгдийн сэтгэлийг халууцуулна.

Гарахад ч мөн адил хүн бүрт “баярлалаа” хэмээн чин сэтгэлээсээ талархаж “Ажилд нь амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” хэмээн урмын үг дайна. Гал тогоондоо орж аарцаа буцалгах аясад нь гараад явчихсан нэгний араас ч хаалгаа онгойлгон “Баярлалаа” хэмээн гар даллаж, далимд нь гудамжаар яваа хүн бүхэнд хайр түгээнэ. Хүн өөрийн үйлчлүүлсэн хөлсөө өгч, авдаг нь зах зээлийн жам ч, зөвхөн үнэтэй ресторанд "том" соёл байх албагүй гэдгийг хуушуурын тогооч эгэл жирийн энэ залуу мэдрүүлдэг нь даанч хайрламаар.

Ийм нэг эерэг энерги түгээгч эгэл залуу их хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжны буйдхан буланд жижигхэн хоолны мухлагаа ажиллуулсаар суугаа. Үйлчилгээний байгууллагын ажилтан бүр ийм дулаан, дотно байвал тэндээс хайр ундарч, нийгэмд гэгээ татах биз. Өнөөдөр орсон өнөөх “Үйлчлэгч захирал” маань туслахуудтай болж, өөрөө гадуур харайлгаж явдаг болсон сурагтай. Талархаж чаддаг, түүгээрээ нийгэмд гэгээ татуулж буй хүний бизнес өргөжихөөс ч яахав.

Хотоо тольдсон гэрэл зурагчин

Сүхбаатарын талбайн хөшөөний гинжин дээр ах, эгчтэйгээ сууж авхуулсан гэрэл зураг аавын гэрийн жаазанд одоо ч бий. Үрчийж, муудсан, өнгө нь хуучирсан ч ээж тэр зурганд их хайртай. Анх удаа дөрвөн хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод ирсэн нь, ажил болгон талбайг зорьж зураг даруулсан нь тэр аж. Тиймээс хачин их нандигнана.

Дараа нь би 2011 онд оюутан болж хотод ирсэн жилээ дахин нэг удаа Сүхбаатарын хөшөөний дэргэд найзтайгаа номхон зогсоод зураг авхуулсан. Түүнээс хойш гэрэл зураг авхуулхаар талбайг зориогүй санагдана. Миний адил зураг авхуулахаар талбайг зорьдог хүн орчин цагт ховордсон. Гэхдээ “талбайн зурагчид” одоо ч тэнд олны аз жаргалыг мөнхөлсөөр зогсоно.

Тэдний нэг нь Сүхбаатарын талбайд 28 жил зураг авч бусдын жаргалтай инээмсэглэлийг хальсандаа мөнхөлсөн Бямбаагийн Тулгабат хэмээх эгэл хүмүүн.

Өдгөө 70 насны босгыг алхсан ч “Би хөгшрөхийг, хоцрогдохыг хүсдэггүй” хэмээн “Nikon” аппаратаа үүрэн хүйтнийг ажралгүй талбайн дундуур алхах нь аанай л залуу хүн гэлтэй..

Б.Тулгабат гуай “Хүн хэзээ ч уйтгар, гунигтай үедээ зургаа авхуулахгүй. Харин баяр хөөртэй, найз нөхөдтэйгээ сэтгэл хөөрсөн үедээ зургаа авхуулдаг. Тухайн зургаа хожим нас ахисан үедээ эргэн нэг харах сайхан даа. Тиймээс л би ажилдаа хайртай” хэмээсэн юм.

Талбайн зурагчдын дарсан гэрэл зураг Монголын 21 аймаг төдийгүй таван тив, зургаан далайг гатлан бяцхан хүүгийн аавдаа, ээждээ явуулсан ил захидалд хавчуулагдан хил давсан даа...Тиймээс ч тэдний ажил  нандин бас үнэ цэнэтэй.

Энэ мэт бидний амьдарч буй хотын алхам бүрт хайр дүүрэн байна. Таныг өглөө ажилд тань хүргэсэн автобусны жолооч, автобуснаас буугаад ажил руугаа алхаж явах замд тань “Авлаа шүү, инээгээрэй” хэмээн хэн нэгний аз жаргалыг мөнхөлж зогсоо эгэл зурагчин ч буй бүхнээрээ сэтгэл татах буурал хотоо бүр илүү өнгөлсөөр л явна...

 

Бичсэн: Шууд.мн сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн