Шахмал түлш түлсэн айлуудаас 16 хүн угаарын хийнд хордож, дөрөв нь нас барлаа

Угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага өнгөрсөн шөнө Хордлогын яаралтай тусламжийн төвд иржээ. Улbаар 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа  алдсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаралтай хурал зарлажээ. Тус яамныхны мэдээлснээр хоёр хоногийн дотор 16 хүн угаарын хийнд хордож, эмнэлэгт эмчлүүлснээс дөрвөн хүн амиа алдсан байна. Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа энэ асуудлаар өглөө мэдээлэл өгөх юм байна.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис дөнгөж сая хуралдаж дуусчээ. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас  Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өгсөн байна. Хотын дарга "Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэв.