ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Улмаар МАН-ын бүлэг өч игдөр хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

Тэгвэл УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж олонхын саналаар хүлээж авлаа. Энэ үеэр гишүүдийн зарим нь харамсаж буйгаа илэрхийлж байсан. Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнээр цаашид Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх үү, эсвэл Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолоо өөрчлөөд, дахиж хэлэлцэх үү гэдэг асуудал тулгараад буй юм. Бүр цаашилбал, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоогоод, нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх ч хувилбар яригдаж мэдэхээр болоод байгаа. Ингээд УИХ-ын гишүүдийн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн  байр суурийг товчлон хүргэж байна.   

   УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Урт хугацаанд олон хүний хөдөлмөрөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажил явж байсан ч энд хүрээд зогсч байна. Харамсаж байна. Манай намын хэсэг нөхөр сөрөг хүчинтэй хуйвалдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энд хүргээд "оршууллаа". Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асууя. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтий.г батлах санаачилгыг аль намаас анх гаргасан юм бэ. Би нэг хүнд маш харамсч байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль хоёр жилийн өмнөөс ярьж судалж, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш  бүлгийн хурал дээр Ц.Нямдорж сайд байнга захиж, зөвлөж ирсэн. МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын хэлснээр шийдвэрээ гаргаж байсан. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй бол болдоггүй баримт бичиг шүү залуучуудаа, гэж Ц.Нямдорж сайд захиж, зөвлөж байсан. Энэ дагуу бид Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан. АН-ын зөвлөлийн саналыг авъя гэсэн шийдвэрийг мөн гаргасан. Зөвшилцөх ажлын хэсэгт Ц.Нямдорж сайд орж ажилласан. Зөвшилцлөө гээд бидэнд саналаа хүртэл оруулж ирсэн. Төд удалгүй  Ц.Нямдорж сайд өөрөө зөвшилцлийг хүлээж авахгүй гэдгээ бүлэг дээр хэлж санал хураалгаад өөрийнхөө талд шийдүүлсэн. Гэтэл одоо Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг батлах санаачилгыг хэн гаргасан бэ гэж асуулаа. 2016 онд МАН сонгуульд төрөө засах, ард түмнээ ядуурлаас гаргах, төр шиг төртэй, улс шиг улс болгохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийнэ, ингэхдээ ард түмнээсээ асууна гэж тусгасан. Үүний дагуу төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж бүтэн хоёр жил ажилласан. Нийт ард иргэдээс 5.7 сая саналыг цуглуулж байж 2019 оны зургаадугаар сард Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүн өргөн барьсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Үндсэн хуульд өөрчлөлт  оруулахдаа дур зоргоороо хандаж болохгүй юм байна, ийм ийм зүйлийг зайлшгүй харгалзаж үзэх ёстой гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан. Энэ хуульд нийцүүлэх гэж Ерөнхийлөгч хориг тавьсан. Эцэслэж батлахаасаа өмнө гаргасан алдаагаа зас, Үндсэн хуулийн өөрчлөлтийг явчихаасай гэж УИХ-д тус болох гээд хориг тавьсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Үндсэн хууль бол олон нийтийн эрх ашиг болохоос биш аль нэг намын эрх ашиг биш. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа мэт яриад байх юм. Х.Нямбаатар зарим нөхөд нь сөрөг хүчинтэй нэгдэж зохион байгуулалтайгаар Үндсэн хуулийг унагалаа гэсэн ухаантай юм яриад байна. Танай нам өөрсдөө унагасан. Бид анхны хэлэлцүүлгээс нь эхлээд шаардлага тавиад, анхааруулга өгсөн. Харамсалтай нь олонхдоо эрдээд хүч түрээд л явсан. Өнөөдөр сөрөг хүчин хамаг юмыг нь гацаачихсан мэт л ярих юм. Та нар манайхтай, манайхгүй шийдээд явах бүрэн эрх чинь байгаа. Ард түмэн та нарт үнэмлэхүй олонхийг өгсөн. Хамаг муу муухайгаа сөрөг хүчиндээ наах гэдгээ болих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, алдаагаа зас.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж:

-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан бичигт гарын үсэг зурсан нь үнэн. Идэвхтэй оролцоогүй нь ч үнэн. Зөвшилцлийн хаалга хаагдсан. АН-ын оролцоогүйгээр, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдвэр гаргах гэж яваад түгжээнд орсон учраас зөвшилцлийн зарчмаар явах нь зөв гэсэн байр суурийг хатуу баримталсан. Намайг хүсээгүй байхад л зөвшилцлийн ажлын хэсэгт оруулсан. Сүүлд байгуулагдсан ажлын хэсэгт ч гэсэн хүсээгүй байхад оруулсан. Зөвшилцөх ажлын хэсэг ярилцаад хоёр гурван асуудлыг нь бүлгээр оруулж хэлэлцүүлье гэж үзсэн. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил, сонгуулийн тогтолцоо, байгалийн баялагтай холбоотой заалтыг асуугаад бүлэг дээр унагасан. Ингэж л явсан. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил гэдгийг ард  түмэн эсэргүүцэж байна гээд бүлгийн хурал дээр яриад унагасан. Энэ бүхнийг надтай холбох шаардлагагүй. АН-аас болсон болоогүй зөвшилцөх бичиг ирүүлсэн. Би нэг зүйл дээр хатуу зогсч байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын зөвлөлийн оролцоогүйгээр шийдэж огт  болохгүй. Үгүй бол улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Төр даахгүй шүү. Үүнийг л би хараад хэлсэн. Хуульзүйн сайдын хувьд надад хүлээсэн үүрэг гэж байна. Гурван сая хүнийг гудамжинд гаргачихгүй байх  амгалан байлгах үүргийг цагдаа, хууль зүйн салбар хариуцдаг юм. Түүнээс би хүчлээд алтан загасны үлгэрийн эмгэн шиг хандсан зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ процессын алдаа гаргасан гэж Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. Үүнд Хууль зүйн байнгын хороо болон Д.Лүндээжанцан гишүүн  тайлбар өгөөч.Бид санал хураалтаас өмнө итгэл үнэмшилтэй болмоор байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуулийн хэлбэрээр өөрчилж, хуулийн бүтэц, зохион байгуулалт, хэлэлцэх журам гээд хуулийн хэлбэрээр нь явсан. Нэрийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрээр явахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэчихвэл болохгүй байгаа юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн зохицуулалт бий. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Үндсэн хуулийн 68,69 дүгээр зүйлийг удирдлага болгон барьж байгаа. Үндсэн хуулийн 68,69 дүгээр зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно гэж заасан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хоригийг би ямар талаас нь дэмжиж байна вэ гэвэл хахир өвөл ард түмнээс асууя гэвэл ирц  хүрэх эсэх нь тодорхойгүй байна л даа. Ирц хүрсэнгүй гээд гацчихвал ард түмний буруу болох уу. Энэ талаас нь харвал Ерөнхийлөгч боломж олгосон гэж харж байна. Гэхдээ Ерөнхийлөгч бүх юманд бүхэлд нь блок тавьдгаа болих хэрэгтэй. Төсөвт хориг тавина, дараа нь хоригийн талыг нь аваад, талыг нь орхичихгүй юу гэнэ. Одоо Үндсэн хуульд тавьсан хоригийнх нь заримыг нь ав гэдэг. Хууль зөрчсөн заалт байна эсвэл зөрчөөгүй ч заалт байна. Тэгэхээр хоригийг яаж хэсэгчлэн авах уу гэдэгт УИХ-ын дарга чиглэл өгч санал хурааж болох уу. Өөрөөр хэлбэл хоёр саналт хураалтаар буюу хоригийг бүхэлд нь хүлээж авах, дараагийнх нь хоригийг хэсэгчлэн хүлээж авах гэсэн ийм хоёр санал хураалтаар бид Ерөнхийлөгчийнхөө алдааг засаж өгөхгүй бол том хүн том л юм тавина гэсэн байдлаар  бүхэлд нь дандаа хориг тавих юм. Дараагийн удаад   хориг тавивал тодорхой тавьдаг баймаар байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

–Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цааш явахгүй, зогсоно. Дахин зөвшилцөл хийх боломжгүй. АН зөвшилцлөөр юу хүсч байгаа вэ гэхээр гишүүдийн тоог 108 , бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, намын жагсаалтаар сонгогддог болох энэ бүхнийг шахаж байгаа. Энэ тохиолдолд би хэлэлцүүлгээс гарна.

Гишүүд ийнхүү үг хэлсний дараа  Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, санал хураалт явуулахад хуралд оролцсон 53 гишүүний 13 нь дэмжсэнээр 35.8 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах шийдвэр гарсан учраас Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах боломж үүсч байгаа юм.