Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх УИХ-ын чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон 2018 оны төсвийн гүйцэтгэл, Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг хэлэлцэх юм. Ингээд  өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.   

1.Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

 3.Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

4.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

5.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэж, мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргасан.  Тодруулбал,  "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь  хоригийг хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттайг Байнгын хорооны дарга С.Бямбацогт  тодотгосон билээ.