Ерөнхийлөгчийн тамгын газраас Э.Оюунболдын аварга цолыг хураахгүй гэдгээ мэдэгджээ

Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болоход Э.Оюунболд аварга цолыг хураахгүй гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэв.

Иймд нутгийнхан нь аваргадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ойрын үед зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Харин хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Баяр наадмаар шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрч, улсын аварга Э.Оюунболд өөрийгөө илчилж мэдээлэл хийж байсан цаг саяхан. Харин нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Б сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ. Түүнийг улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох гэх таамаг дэвшүүлээд буй.

Тэгвэл сар гаруйн хугацаанд БНСУ-ын лабораторид шинжилсэн Б сорьцын шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт Допингийн эсрэг үндэсний төвд иржээ. Улмаар тус төвөөс шинжилгээний хариуг Бөхийн салбар хороонд хүргүүлсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бөхийн Б сорьцын шинжилгээний хариу А сорьцын хариутайгаа адилхан буюу допинг хэрэглэсэн нь үнэн гэж гарчээ.

Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн  “Б сорьцын шинжилгээ өгсөн бөхийн шинжилгээний хариу Монгол Улсад ирмэгц Бөхийн салбар хороо дахиад хуралдаж шийдвэр гаргана” хэмээж байсан. Тэгэхээр Бөхийн салбар хороо хуралдаж,  тухайн бөхийн нэрийг зарлахаас гадна мөн л барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргаж Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлэх учиртай.

Ө.ЭНХТҮВШИН: Э.ОЮУНБОЛДЫН АСУУДЛЫГ Б СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН БӨХИЙН АСУУДАЛТАЙ ХАМТАТГАЖ ШИЙДВЭРЛЭНЭ

 

Өнгөрсөн сарын 30-нд Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос журмын дагуу Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасах, түүнд тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ  Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд есдүгээр сарын 02-нд хүргүүлсэн. Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг журамтай. Тэгвэл Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт хүргүүлээд аль хэдийнээ сарын хугацаа өнгөрөөд байхад өдий хүртэл ямар нэг шийдвэр гараагүй юм.

Тиймээс энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодруулахад “Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хасах Бөхийн салбар хорооны шийдвэр Баяр наадам зохион байгуулах хороонд ирсэн. Энэ асуудлыг Б сорьцын шинжилгээ өгсөн хоёр дахь бөхийн шинжилгээний хариу ирээд, Бөхийн салбар хорооноос шийдвэр гаргаад бидэнд ирүүлсний дараа хамтатгаж шийдвэрлэнэ” хэмээлээ.