Мэргэжлийн боловсролын салбарынхан Төрийн ордонд чуулж эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа болж буй "Мэргэжлийн боловсролын сургалтын салбарын багш нарын улсын зөвлөгөөн" Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын 2500 шахам багшийн төлөөлөл болсон 800 хүн оролцож байна.  

 “Мэргэжлийн боловсрол хөгжлийн тулгуур” уриан дор болох улсын хэмжээнд анх удаа болох гэж буй энэ зөвлөгөөний үеэр “Мэргэжлийн боловсрол сургалтын тогтвортой хөгжил, шинэ хандлага”, “Мэргэжлийн боловсрол сургалтын багшийн хөгжил, нийгмийн асуудал”, “Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт” гэсэн сэдвээр гурван салбар хуралдаан болно.   Хуралдааныг нээж Ерөнхий сайд үг хэлсэн. Тэрбээр "Мэргэжлийн боловсролын сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар  зөвлөгөөн" болж байна. Мэргэжлийн боловсролын салбар үүсч, хөгжсөн 65 жилийн хугацаанд анх удаа болж буй гэдгээрээ энэхүү зөвлөгөөний үнэ цэнэ оршиж байна" гээд зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүссэн юм. 

Түүний дараа  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг мэргэжлийн боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч,  үг хэлсэн. Тэрбээр "Цаашид гурван жил тутамд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах болно.  Энэ онд багтааж 540 багшийг компьютер, техник хэрэгслээр хангана. Чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд 2021 он гэхэд бүрэн шилжих шаардлагатай. Боловсролын стандартыг гаргаж мөрдүүлэх, бүх нийтийн үйл хэрэг болгож мөрдүүлэх хэрэгтэй байна.  Мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, шилдэг суралцагч, төгсөгчдийг алдаршуулах, сурталчлах шаардлагатай байгаа" гэсэн юм